Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Хангай, говь хосолсон эрс тэс уур амьсгалд бэлчээрээр өсөхөд зохицсон Сартуул үүлдрийн хонийг Завхан аймгийн 10 суманд түлхүү үржүүлж, 14 суманд хээлтүүлэгчээр ашиглан малын үүлдэр, угсаа, ашиг шимийг сайжруулж байна.
Сартуул хонь нь мах, өөх, бүдүүвтэр ноосны ашиг шим хосолсон, ихэвчлэн хар хүрэн толгойтой, цагаан биетэй өөхөн сүүлт үүлдэр юм.
Малын генетик нөөцийн үндэсний мэдээллийн санд тэмдэглэснээр нас бие гүйцсэн хуцны амьдын жингийн доод үзүүлэлт хавар 50, намар 65 кг, ноосны гарц хоёр кг байна. Тус үүлдрийг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2002 оны А/118 дугаар тушаалаар баталгаажуулжээ.
Завхан аймгийн 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 3.028 сая толгой мал бүртгэгдсэний 1.417 сая нь хонь байв. Мөн 2026 оны есдүгээр сард малын үүлдэр, угсаа, ашиг шимийг сайжруулах зорилгоор 24 сумын малчдад 778 төлгөн хуц, 433 шүдлэн ухна буюу нийт 1321 хээлтүүлэгч нийлүүлсэн байна. Аймгийн хэмжээнд цэвэр үүлдрийн хонь 315.3 мянгыг өсгөн үржүүлсэн талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Сартуул үүлдрийн цөм сүргийг Эрдэнэхайрхан, Алдархаан суманд үржүүлдэг бөгөөд Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн зарим суманд малын мах, ноосны ашиг шимийг сайжруулахад ашиглаж байна.

Сонирхуулахад, Сартуул хонины үржил, селекцийн ажлыг 1966 онд Завхан аймгийн Үржил, зохиомол хээлтүүлгийн улсын станцын мэргэжилтэн С.Уртбаяр Эрдэнэхайрхан сумын “Алдар” нэгдэлд эхлүүлж, 2000 гаруй хониноос шилэн сонголт хийжээ.
Улмаар 1967 онд 7000 гаруй толгой хоньтой болж, 63 өрхийн 23 суурийг нэгтгэн “Хайрхан” үржлийн ферм байгуулсан нь үүлдрийг дагнан үржүүлэх эхлэл болсон байна. 1968–1971 онд С.Уртбаяр, Л.Лхасүрэн нар тухайн үеийн долоон сум болон Яруу, Түдэвтэй сумын зарим бригадын нутагт тархсан хонийг судлан, “Сартуул хонь” хэмээн нэрлэх болжээ.
Харин 1972 оноос академич Г.Чадраабалын удирдлагаар шинжлэх ухааны үндэслэлтэй үржил, селекцийн ажил өргөжиж, “Хайрхан” ферм 1975 онд улсын фермээр батлагдсан тухай "Нэгэн зууны шастир" номд дурджээ.