Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Их нүүдэл” шатрын хөтөлбөрт хамрагдсан 100 гаруй багш сургалтаар эзэмшсэн мэдлэг, арга зүйгээ сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлнэ хэмээн Завхан аймгийн Боловсролын газраас мэдээллээ.
Хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуулиудад үр дүнтэй хэрэгжүүлэх, бага ангийн багш нарын заах арга зүйг сайжруулах зорилгоор “Шатрын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй” сургалтыг энэ сарын 5, 6-нд Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургуульд зохион байгуулжээ.
Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 28-ны өдрийн А/272 дугаар тушаалын хүрээнд зохион байгуулсан тус сургалтад аймгийн ерөнхий боловсролын 29 сургуулийн бага боловсролын сургалтын менежер, 102 багш хамрагдсан байна.
Сургалтаар шатрын хөлгийн бүтэц, дүрэм, тэмдэглэгээ, тоглоомын хувилбар, тоглох арга ухаан, тоглолтын үр дүнг шинжлэх зэрэг сэдвээр онол, дадлагыг хослуулан заажээ.
“Их нүүдэл” үндэсний хөтөлбөр нь шатрын тоглоомоор дамжуулан сурагчдын шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, бүтээлчээр сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилготой. Хөтөлбөрийг 2026-2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдад хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Шатрын арга зүйг эзэмшсэн багш нар сурагчдын логик сэтгэлгээ, анхаарал төвлөрөл, тооцоолон бодох чадварыг хөгжүүлэхээс гадна аливаа асуудлыг олон талаас нь авч үзэж, оновчтой шийдвэр гаргахад чиглүүлэн ажиллах боломжтой юм.

Мөн шатрын тоглоомоор дамжуулан хожигдлыг зөвөөр хүлээн авах, өрсөлдөгчөө хүндэтгэх, дүрэм баримтлах, тэвчээртэй байх зэрэг хандлага, төлөвшлийг хүүхдэд олгох ач холбогдолтой.
Түүнчлэн багш нар сургуулийнхаа орчинд шатрын дугуйлан, клуб, сонгон сургалтыг бие даан зохион байгуулах арга зүйн чадавхтай болох юм.
Сургалтад Улиастайн Чандмань эрдэнэ сургуулийн шатрын багш, шатрын спортын мастер, үндэсний сургагч багш П.Түмэнжаргал, III сургуулийн бага боловсролын багш, орон нутгийн сургагч багш С.Эрдэнэ нар арга зүйн дэмжлэг үзүүлэн ажилласан байна. Цаашид багш нар сургалтаар эзэмшсэн мэдлэг, арга зүйгээ сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хамт олондоо түгээн дэлгэрүүлэх замаар хүүхэд бүрийн хөгжил, суралцахуйн чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах юм.