Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улиастай, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Ургамал суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан 230 хүний суудалтай Соёлын төвийн барилгыг улсын комисс ашиглалтад хүлээн авчээ.
Тус соёлын төв нь урлаг, соёлын үйл ажиллагаа зохион байгуулах үндсэн танхимаас гадна орон нутаг судлах музейн танхим, нийтийн номын сангийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн цогцолбор байдлаар үйл ажиллагаа явуулах юм.
Ингэснээр сумын иргэд, хүүхэд, залуучууд үндэсний болон нутгийн өв соёл, түүхэн уламжлалтайгаа танилцах, ном унших, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, урлаг, соёлын арга хэмжээнд оролцох таатай орчин бүрдсэн талаар Ургамал сумын ЗДТГ-аас мэдээллээ.
Ургамал сумын орон нутаг судлах музей нь 1975 онд нутгийн иргэдийн санаачилга, оролцоотойгоор 25 үзмэртэй байгуулагдаж байжээ. Улмаар 2007 онд орон тооны ажилтантай болж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн бөгөөд одоогоор 69 дэсийн 204 үзмэр, эд өлгийн зүйлтэй, жилд 200 гаруй хүнд үйлчилдэг байна.
Соёлын төвийн барилга угсралтын ажлыг “Амарсанаа” ХХК гүйцэтгэж, захиалагчийн хяналтыг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хэрэгжүүлжээ. Зураг төслийг “Кингсий энд инженеринг консалтинг” ХХК боловсруулсан байна.

Тус барилгын төсөвт өртөг 3.628 тэрбум төгрөг бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024-2026 онд хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт юм хэмээн Завхан аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас мэдээллээ.
Ийнхүү Ургамал сумын соёлын төв ашиглалтад орсноор орон нутгийн түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ номын сан, соёл урлагийн үйлчилгээг иргэдэд нэг дор хүргэх боломж бүрдэж байна.