Хүүхдээ асарч буй ээжид зориулсан сургалтын тэтгэлэг зарлав

Монголын мэдээ | Боловсрол
ulzii@montsame.mn
2020-09-11 12:14:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол ээж - гэр сургалт” ТББ-аас эхчүүд гэртээ хүүхдээ харах хугацаандаа ажил болон хувийн карьераа тодорхой хугацаанд завсарладаг байдлыг өөрчлөх санаачилга гаргажээ. 


Тус байгууллага нь мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэлтэй ээж нарыг дэмжих зорилгоор хүүхдээ өөрөө асрах үеийг нь "суралцах боломж" хэмээн үзэж “Mom's Education Scholarship” тэтгэлгийг зарлаж байна. Ээж нарт зориулсан уг тэтгэлгийг “Монгол ээж - гэр сургалт” ТББ санаачилж “Raffles international institute of Ulaanbaatar” сургуультай хамтран хэрэгжүүлэх юм байна.



Дэлхийд 25 салбартай тус сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд гурван ээжид оюуны хөрөнгө оруулалт хийж 18 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо. Ээжүүд англи хэлний анхан шатнаас эхэлж, ахисан шат хүртэлх нийт таван түвшний гадаад багштай танхимын сургалтанд үнэ төлбөргүй суралцсанаар олон улсын IELTS шалгалтад бэлдэх чадамжтай болох төдийгүй хувийн карьераа өсгөх өөр олон боломж гарах юм. 


Энэхүү ээж нарыг хамруулах тэтгэлэгт 18-аас дээш насны бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх шаардлагатай. Мөн Улаанбаатар хотод байж танхимын сургалтад хамрагдах боломжтой байх юм.


Уг тэтгэлэгт хамрагдах сонгон шалгаруулалтад орох өргөдлийг авч байгаа бөгөөд шалгарсан ээжүүд 2020 оны 10 дугаар сарын 2-нд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээ албан ёсоор гардаж авах юм байна. 

Холбоотой мэдээ