АРХАНГАЙ: БНХАУ-аас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчид Архангайд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-17 16:35:51

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн, элчин сайдын зөвлөх ноён Жан Мүшин тэргүүтэй дипломат төлөөлөгчид Архангай аймгийн удирдлагуудын урилгаар хоёр өдрийн албан айлчлал хийж байна.

 

Тэд энэ сарын 16-нд Архангай аймагт ирсэн ба аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид аймгийн ЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээж авч, уулзлаа.

 

Орон нутгийн хамтын ажиллагаа нь хоёр улсын хамтын ажиллагааны чухал хэсэг мөн юм. Цар тахлын үед ч хоёр улс биенээ дэмжин ажилласан, цаашид ч хамтын харилцаагаа хөгжүүлж, харилцан ашигтай, хамтдаа хөгжихөд тууштай хамтран ажиллана хэмээн ноён Жан Мүшин яриандаа онцоллоо.  

 

Архангай аймагт 1963 оноос БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн болон боловсрол, соёл, нийгмийн салбарт олон ажил хийсэн байна.

 

Аймгийн Засаг дарга “Архангай аймгийн тухайд БНХАУ-ын Юньнань, ӨМӨЗО-ны Улаанхад хоттой хамтын ажиллагаатай явж ирсэн. Мөн “БНХАУ-ын соёлын өдрүүд”-ийг аймагтаа 7 удаа зохион байгуулж, Элчин сайдын нэрэмжит спортын тэмцээнийг тогтмол явуулж ирсэн” хэмээн дурдаад, Архангай аймгийн 100 жилийн ойн үйл ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг яамны бүрэлдэхүүний хамтаар урилаа.

 

Мөн тэрбээр төрийн албан хаагчид болон бизнес эрхлэгчид харилцан туршлага судлах талаар, орон нутагт хэрхэн хөрөнгө оруулалт хийж болох, орон нутгийн бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд хэрхэн гаргаж болох, аялал жуулчлалын зэрэг тодорхой салбаруудад хамтран ажиллах саналаа албан бичгээр хүргүүлэхээ мэдэгдлээ. Ноён Жан Мүшин ч тал бүрээр нь дэмжинэ гэдгээ илэрхийлж байв.     

 

Айлчлалын хоёр дахь өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн, элчин сайдын зөвлөх ноён Жан Мүшин БНХАУ-ын хөгжил цэцэглэлт болон Монгол, Хятад хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.  

 

Тухайлбал, Хятад, Монголын худалдааны эргэлт 13 тэрбум ам.долларыг давж, 20 тэрбум ам.долларт хүрэх зорилт руу урагшилсан, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл, Олимпын гүүрний бүтээн байгуулалт, гурван боомтыг холбох хэлэлцээр зэргийг хамтын ажиллагааны бодит үр дүн гэлээ. Мөн орон нутгийн харилцааны тухайд Архангай аймаг тэргүүн эгнээнд байж, Хятадын ӨМӨЗО-ны Улаанхад хот, Юньнань зэрэг мужтай хэвлэл мэдээлэл, боловсрол, залуучуудын салбарт байнга төлөөлөгчдийн баг илгээж, зочлуулдаг тухай, Хятадын соёлын өдрүүд, “Элчин сайдын цом” спортын тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг тухай онцолсон юм.

 

Үүнээс гадна Хятадын Коммунист намын XX их хурлын тухай өгүүлж, гарсан шийдвэрүүдийг тоймлон ярилаа.

 

Илтгэл мэдээллийн төгсгөлд, тусламжаар Монголд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөр болох Улаанбаатарын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам, Дарханы зам, Замын-Үүд боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар дурдлаа. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв, гэр хорооллын дахин төлөвлөлт төсөл, Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламж, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд барьсан хүүхдийн цэцэрлэг зэрэг дэд бүтцийн болон боловсрол, нийгмийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын ажлуудаа ч танилцуулсан юм.


Энэхүү уулзалтын төгсгөлд, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид аймгийнхаа хүн ам, газар нутаг, нийгэм, эдийн засаг, мал, хөдөө аж ахуй чиглэлээр товчхон танилцуулж, цаашдаа аймгийнхаа уламжлалт соёл, ёс заншлыг БНХАУ-д сурталчлах, нийгэм, соёлын салбарт хамтран ажиллах ажилд гар бие оролцон ажиллана хэмээн тэмдэглэн хэллээ.

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн, Элчин сайдын зөвлөх ноён Жан Мүшин тэргүүтэй дипломат төлөөлөгчид энэхүү уулзалтын дараа БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан хүүхдийн 15-р цэцэрлэг, Монгол-Хятадын найрамдлын нэрэмжит хүүхдийн 4-р цэцэрлэг, “Цагаан давааны нүхэн зам” төсөлтэй тус тус танилцах хөтөлбөртэй байна. 

Холбоотой мэдээ