Малчдын ажилласан жилийг нэмэгдүүлснээр тэтгэврийн хэмжээ өснө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-18 17:08:21

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар малчдын ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцохоор УИХ-аас шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр  мэдээлэл хийв.

Байнгын хорооны дарга Д.Батцогт, “Нийгмийн даатгалын тухай хуулиар малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж байгаа. 2014 оны байдлаар нийт 293.6 мянган малчдын дөнгөж 11 хувь нь л сайн дураар нийгмийн даатгалд хамрагдаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Энэхүү төлөв байдал нь ирээдүйд малчдын дийлэнх нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах боломжгүй болж болохоор байгаа юм.

Иймд малчдын тэтгэвэр тогтоолгох насыг бууруулахаас илүүтэйгээр малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцох нь тэдний ирээдүйд авах тэтгэврийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ. Тус хуулиар малчнаар нэг жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэг жил хоёр сараар тооцохтой холбоотой харилцааг зохицуулсан” гэдгийг онцлон тэмдэглэв.

Энэ хуулийг 2017 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан ба зөвхөн малчдын ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох нэг л заалттай хуулийн төсөл байсан юм.

Б.Туул

Связанные новости