УИХ, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамтатгана
МОНГОЛЫН МЭДЭЭСонгуулийн нэгдсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо цаг сунган хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүний өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад суурилан Су.Батболд нарын 7 гишүүн, О.Баасанхүү нарын 10 гишүүний өргөн барьсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн ажлын хэсгээс боловсруулсан. Харин өнөөдөр ажлын хэсгийн боловсруулсан уг Сонгуулын хуулийн нэгдсэн төсөлд “Шударга ёс” эвслийн гишүүдийн өргөн барьсан хуулийг тусгаагүй гэх шалтгаанаар О.Баасанхүү гишүүн санал гаргаж, уг хуулийн төслийг тусад нь хэлэлцэх болсон юм.
Нэгдсэн хуулийн төслийг боловсруулахдаа сонгуулийн тогтолцоог 28:48 буюу одооны хувилбарыг хэвээр байлгах, УИХ-ын хувь тэнцүүлсэн сонгуульд Монгол Улсын нутаг дэвсгэр 1 тойрог байсныг бүсчилсэн 5 тойрог болгох, бүсчилсэн тойрогт жагсаалтаас дэвших 28 гишүүнд суудал хуваарилах, санал өгсөн сонгогчдын 28 хувийн босгыг байхгүй болгох,УИХ болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг зэрэг явуулах гэсэн үндсэн үзэл баримтлалд тулгуурлажээ. Мөн энэ хуулиар Ерөнхийлөгч, УИХ, Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийг бүхэлд нь зохицуулахаар боловсруулжээ. УИХ-ын гишүүн Н.Батбаяр бүх сонгуулийг зохицуулах том хуулийг хоёрхон хоногийн дотор яаран батлах гэж хэлэлцэж байгаа нь буруу гэж хэлэлцүүлгийн эхэнд шүүмжилсэн бол хууль санаачлагч Р.Бурмаа гишүүн энэ хуулийн төслийг 2013 оноос хойш хоёр жилийн хугацаанд судалж боловсруулсан гэдгийг тодотгож байв.
Ингээд Нэгдсэн хуулийн төсөлд ажлын хэсгийн хуралдаанаас гарсан 48 зарчмын зөрүүтэй саналыг тус бүрээр нь хэлэлцэж, санал хураасан юм. Сонгуулийн тогтолцооны хувьд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, О.Баасанхүү нарын гишүүд шүүмжлэлтэй хандаж, Монгол Улсыг таван бүс гэж хуваах нь холбооны улс болгон, цаашлаад хоорондоо талцах, хагалан бутаргах эрсдэлтэй гэж байв. Мөн Г.Уянга гишүүн “Бүсчилсэн хэлбэрээр сонгосон ч хүнд биш намд санал өгөх нь хэвээрээ байна. Ард түмэн хүнээ харж, тэр хүнээ сонгож санал өгөхийг хүсч байгаа” гэв. Үүнд ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогт гишүүн хариулахдаа “Бүсэд хуваах нь хагалан бутаргаж байгаа хэрэг биш. Аймаг аймгаар, дүүрэг дүүргээр хувааж тойрог байгуулдагтай л ижил. Хүнээ харах тухайд харин ч боломж нэмэгдэж байгаа. Нэг том тойрогт хэн байх нь мэдэгдэхгүй байснаас таван бүсэд тав зургаагаар нь хуваан нэр дэвшүүлээд саналын хуудсанд ч нэр бүрийг нь оруулна” гэв.
Мөн хуулийн төсөлд “УИХ, Аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийн Санал хураах өдөр сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын аль нэг өдөр байна”, “Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын аль нэг өдөр байна”, Санал хураах өдрийг сонгууль явуулах өдрөөс 65 хоногийн өмнө тогтооно”, “Сонгуулийн тов буюу тойрог байгуулах зохицуулалтыг эхлэх өдөр нь санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байна”, “Нам, түүний нэр дэвшигчийн нэрийг саналын хуудаст бичихдээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн өдрөөр эрэмбэлнэ. Хэрэв эвсэл бол нэгдэн орсон намуудын бүртгүүлсэн дарааллаар эрэмбэлнэ” зэрэг зарчмын зөрүүтэй санал тусгасныг байнгын хороо дэмжлээ.
Харин зарим гишүүд санал хураалт явуулах өдөр нь аль нэг ажлын өдөр гэж тодорхойгүй орхих нь буруу, намын нэрийг Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар биш шодож сонгох ёстой зэрэг эсрэг байр суурийг илэрхийлж байсан ч санал хураалтаар дэмжигдээгүй.
Хяналтын тооллогын тухайд ажлын хэсгээс боловсруулсан саналд “Санал хураалтыг автомат машинаар тоолно. Тавь хүртэлх хувьд нь хяналтын буюу гар тооллого хийж болно” гэсэн агуулгатай орж ирснийг байнгын хороодын гишүүдийн олонхи дэмжлээ. Тодруулбал хуулийн төслийн 98.13 дахь хэсэгт “Санал хураалт дуусмагц сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл болон сонгогчдын төлөөллийг оролцуулна” гэж тусгахаар болсон юм.
Гишүүдийн өөр нэгэн анхаарч байсан зүйл нь сонгуулийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, ялангуяа цахим орчинд хүнийг гүтгэх, доромжилсон тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай байв. Харин хуулийн төсөлд Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зайг ашиглан хуурамч мэдээлэл цацсан, зохион байгуулалттай, санаатайгаар гүтгэсэн тохиолдолд дотоодын сайтын хандалтыг нь зургаан сар хүртэлх хугацаагаар зогсоох, Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх зэргээр тусгасан аж. Гэхдээ гадаад дахь компани, сайтаас ийм ажиллагаа явуулсан бол ямар арга хэмжээ авах тухай тусгай журам гаргах болов.
Ингээд ажлын хэсгийн болон байнгын хороодын гишүүдийн гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулсны дараа Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх боллоо. Байнгын хорооны хуралдаан 19:40 цагт өндөрлөв.
Н.Гантуяа
Связанные новости


