Мэргэжил дээшлүүлэх онлайн сургалт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-02 22:54:19

Удирдлагын академийн “Мэргэжил дээшлүүлэх институт”-ээс 2015-2016 оны хичээлийн жилд төрийн албан хаагчдыг улсын төсвийн хөрөнгөөр онлайн сургалтад хамруулахаар шийдвэрлэжээ.

Ирэх оны хоёрдугаар сарын нэгнээс эхлэх уг онлайн сургалт нь “Бодлого боловсруулах арга зүй”, “Төрийн үйлчилгээг сайжруулах зарим арга зүй”, “Төрийн зарим чиг үүргийг концессийн гэрээгээр хэрэгжүүлэх нь”, “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Байгууллагын өөрчлөлт, хөгжил” зэрэг таван чиглэлээр явуулахаар төлөвлөжээ. Сургалтад хамрагдагчид нь төрийн албан хаагч байх, интернет холболттой байх, албан тушаалын мэргэжлийн шаардлагад нийцсэн сургалтыг сонгосон байх гэсэн шаардлагуудыг хангах ёстой аж. Онлайн сургалт нь суралцагч өөрийн сонгосон сургалтыг онлайнаар буюу интернет орчинд судалж ажлын байрнаас хөндийрөхгүй суралцах боломжтойгоороо танхимын сургалтаас давуу талтай. Мөн Дархан, Шарын гол, Орхон, Хонгор сумдад онлайн сургалтын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулахыг Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институтээс санал болгосон байна.

Онлайн сургалтад хамрагдах төрийн албан хаагчийн бүртгэл энэ сарын 18-31-ний өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасгийн байранд явагдаж байна гэж Дархан-Уул аймаг дахь Удирдлагын Академийн сургалтын менежер Д.Жаргалсайхан орон нутгийн хэвлэлийнхэнд ярилаа.

                                                                            Б.Норовсамбуу

Связанные новости