БАТС-ын наадмаас алтан медаль хүртсэн тамирчин 1 сая 500 мянгыг гардана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-01-07 13:46:10

Монголын Бүх ард түмний спортын ХIV их наадмыг зохион байгуулах хорооны  анхдугаар хуралдаанаар их наадмын нэгдсэн заавар, төсөв, лого эмблемний загвар зэргийг  хэлэлцэн батлав.

Тус наадмыг энэ сараас 9 сарын хугацаанд орон даяар өвлийн 2 төрөл /цана, тэшүүр/,  зуны спортын 16 төрөл /буудлага бокс, байт харваа, жүдо  бөх чөлөөт бөх хүндийн өргөлт, ширээний теннис, хөнгөн атлетик, шатар,  волейбол, сагсан бөмбөг, дугуй /уулын дугуй/, таеквондо /олимпийн/, даам, аэробик, хөл бөмбөг/, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын 2 төрлөөр /пара жүдо бөх, пара хөнгөн атлетик/ зохион байгуулахаар боллоо.

Их наадамд медаль хүртсэн тамирчин, багийн нийлбэр дүнгээр эхний 3 байрт шалгарсан дасгалжуулагчдыг Монгол Улсын Засгийн  газрын 2014 оны 64 дүгээр тогтоолын дагуу алтан медаль хүртсэн тамирчин нэг сая 500 мянга, мөнгөн медаль хүртсэн тамирчин нэг сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 800 мянган төгрөгийн мөнгөн шагнал багийн дүнгээр эхний 3 байр эзэлсэн багийн дасгалжуулагч тамирчны нэгэн адил мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм.              

Өвөл, зуны төрөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулж байгаа наадамд байгууллагын нэгдсэн дүнг медалийн чанар, тоог харгалзан тус бүр 10 байгууллагыг их наадмын өргөмжлөл, дурсгалын цом, медалиар шагнаж урамшуулахын зэрэгцээ наадмыг амжилттай зохион байгуулсан 10 спортын холбоодыг шалгаруулан их наадмын өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын медалиар шагнаж, урамшуулах аж.

Дашрамд дурдахад, Монголын Бүх ард түмний спортын анхдугаар наадмыг 1961 онд зохион байгуулж эхэлснээс хойш эдүгээ  14 дэх наадмаа зохион байгуулах гэж байна.

Ж.Болор

Связанные новости