МҮОНРТ-ийн ахмад ажилтан П.Сандагдоржид "Алтан гадас" одон гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-01-07 17:54:13

МҮОНРТ-ийн ахмад удирдах ажилтан П.Сандагдоржид өнөөдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Алтан гадас” одон гардуулав.

Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж ахмад ажилтан П.Сандагдоржийг төрийн энэхүү одонгоор шагнасныг өнөөдөр О.Баасанхүү гишүүн Төрийн ордонд гардуулсан нь энэ юм. Энэ үеэр О.Баасанхүү гишүүн ахмад ажилтан П.Сандагдоржид баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүслээ.

Пунцагцэрэн овогтой Сандагдорж нь 1945 онд Төв аймагт төрсөн. 1953-1963 онд 12 дугаар дунд сургууль, 1974-1979 онд МУИС-ийг тус тус төгссөн. Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй.

Мөн 1966-1974 онд Тоосгоны II заводод шалгагч, бригадын дарга мастер, 1979-1982 онд МРТУХ-нд нягтлан бодогч, 1982-1990 онд МРТУХ-ны улсын гэрэл зургийн газарт ахлах нягтлан бодогч, 1990-1993 онд Монголын радио телевизэд ерөнхий нягтлан бодогч, 1993-2006 онд Радио телевизийн хэрэг эрхлэх газарт эдийн засаг, техник эрхэлсэн дэд дарга, үйлчилгээ аж ахуй эрхэлсэн албаны дарга зэрэг хариуцлагатай алба хашиж байсан.

П.Сандагдорж нь хүн ардын оюуны тэжээл болсон мэдээллийн байгууллага телевиз, радио, гэрэл зургийн салбарт 36 жил өөрийн ухамсарт амьдралаа холбосон манай шилдэг тэргүүний ахмад сэхээтэн юм.

Связанные новости