“Талын түмэн адуу” өвлийн баяр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 09:41:23

Хэнтий аймгийн Батноров суманд Аймгийн засаг даргын ивээл доор Батноров сумын захиргаа, “Мөнх Харилцаа” Монгол-Хятадын зөвлөл, гэрэл зургийн “Тусгал” бүлэг хамтран энэ сарын 15-17-ны өдөр  “Талын түмэн адуу” өвлийн баярыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү баярыг  Монгол орны өвлийн аялал жуулчлалын хөгжилд нэгэн өнгө нэмж, нүүдэлчин монголчуудын олон мянган жил уламжлан ирсэн гайхамшигт адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх, талын салхи ханхлуулсан адуучин залуусын гарамгай чадвар, Монгол хүн, адуу хоёрын салшгүй шүтэлцээг сурталчлах, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготойгоор өвлийн наадмыг зохиодог юм.

Энэ үеэр мэргэжлийн гэрэл зурагчид 1000 адууны зураг авч, адуучин залуус адуу уургалах, эмнэг сургах, ташуур, уурга шүүрэх зэргээр мал маллах чадвараараа өрсөлдөх бөгөөд Батноров сумын хийцийн хамгийн сайхан эмээл, эдлэл хэрэглэлтэй морьтон хосыг шалгаруулах аж. Мөн адуучин залуус, үзэгчдийн дунд адууны тухай дууг хэн сайн дуулах вэ? тэмцээн зохиох бөгөөд "Торгон тар" богино зайн бооцоот уралдаан, тайга нохдын хөтөлгөө, ан хөөлгөх зэрэг олон сонирхолтой тэмцээнийг зохион байгуулна гэж албаныхан онцоллоо.

Түүнчлэн шилдэг гэрэл зургийг шалгаруулан арга хэмжээний хүрээнд нийт 75 хүнийг шагнаж урамшуулах юм байна. 

Мөн энэ үеэр наадмыг зохион байгуулагчид үзэгчидтэй хамтран Батноров сумын сургуулийн дотуур байрны номын санг тохижуулах, ном хандивлах сайн үйлсийн аяныг мөн энэ үеэр өрнүүлэх аж.

Хэнтий  аймаг  “Талын түмэн адууны баяр”-ыг  хоёр дахь жилдээ ийнхүү зохион байгуулах гэж байна.

О.Буянхишиг

 

Связанные новости