Арвайхээр хотод авто замын сүлжээ өргөжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙХотын хөгжлийг тодорхойлж, ард иргэдийн ажиллаж, амьдрах тав тухтай нөхцөлийг хангах гол шаардлага нь авто зам гэж аймгийн удирдлагууд үзэж байна. Тиймээс жил бүрийн зун тодорхой хөрөнгө төсөвлөж, авто болон явган хүний зам тавих ажлыг хэрэгжүүлдэг.
Энэ зун Арвайхээр сумын 9 дүгээр баг руу 1,980 км асфалтобетон замыг Өндөрсант хайрхан ХХК, хотын төвд буюу Хобби төвийн уулзвараас 48 айлын гэрлэн дохиотой уулзвар хүртэлх 0,543 км замыг Тэнүүн холдинг ХХК, 3-р баг руу 0,65 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил, 7-р багийн 2х2 хоолойн өргөтгөлийн ажлыг Өвөрхангай АЗЗА ТӨХК, Гандангаас Бумбат худалдааны төв хүртэлх 0,950 км авто замын өргөтгөлийн ажлыг Эвт уул ХХК тус тус гүйцэтгэж байна.
Мөн Занабазрын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын авто машины зогсоол, 6-р цэцэрлэгийн авто машины зогсоолыг өргөтгөж байгаа ажээ.
Эдгээр ажлыг Зам, тээврийн сайдтай байгуулсан гэрээний дагуу орон нутагт эрхийг шилжүүлэн хэрэгжүүлж байгаа ба нийт өртгөөр 3,7 тэрбум төгрөг орж байгаа аж. Шинээр тавьж байгаа замын ашиглалтад орох хугацаа 10 сарын 9-ний өдөр юм.
Б.Батчимэг
Комментарии