Дархан сумын 56 иргэн “Хүүхэд харах үйлчилгээ” эрхлэхээр бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 17:46:04

Хүүхэд харах үйлчилгээний тухай болон НӨАТ-ын тухай хуулиуд энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж уг хуулиудыг сурталчлах ажил Дархан-Уул аймагт эхлэв. Дархан сумын ЗДТГ-ын бүх ажилтан албан хаагчид дээрх хуулиудын талаар мэдээлэл сонслоо.

Аймгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 156 хүн бүртгүүлсэний 56 нь Дархан сумын иргэн юм. “Иргэдээс холбогдох материалуудын бүрдүүлэлтийг хүлээн авч тодорхой нөхцлийг хангасан 70 хүнд эхний ээлжийн таван  өдрийн сургалт явуулахаар бэлтгэл ажлыг нь хангасан” гэж аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Цэцэгмаа хэлэв. Тус аймагт одоогийн байдлаар цэцэрлэгт хамрагдаагүй 2-5 насны 1755, хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны 149 хүүхэд байна. Хүүхэд харах үйлчилгээг бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй 18-65 насны Монгол Улсын иргэн эрхэлнэ гэж хуульчилсан. Түүнчлэн хүүхэд харагч дээд тал нь таван хүүхэд харах бөгөөд гурван хүн нийлээд 15 хүүхдийг харж болох юм байна. Улсаас нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг 116900 төгрөг байхаар тогтоосон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдэд хувьсах зардлын хэмжээг хоёр дахин илүү олгохоор болсон. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг хуульд заасан шаардлагыг хангасан байдлыг харгалзаж багийн Засаг даргын санал дүгнэлтийг үндэслэн сумдын Засаг дарга нар олгох юм байна.

                                               Б.Норовсамбуу

Связанные новости