Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Болдыг сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-21 10:16:42

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Болдыг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хорооны гишүүд 90.9 хувь дэмжив. 

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг шийдвэрлэж, Хүний эрхийн дэд хорооны даргыг сонгосон Байнгын хорооны тогтоол баталсан юм. Үүнээс гадна Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч зарим асуудлыг дахин нягтлах шаардлагатай гэж үзэн хойшлуулав. 

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусгасан юм. Уг хуулийн төслөөр зарчмын зөрүүтэй 66, найруулгын 46, мөн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсанаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахад бэлэн болсон юм.

Н.Туяа

Связанные новости