Хаврын чуулганаар 161 хууль, тогтоомж хэлэлцэх санал ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-01-27 17:42:04

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлаар хууль санаачлагчдын саналыг урьдчилж авсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч 16, Төрийн байгуулалтын байнгын хороо 3, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 1, Эдийн засгийн байнгын хороо 5, УИХ дахь АН-ын бүлэг 14, МАН-ын бүлэг 10, “Шударга ёс” эвслийн бүлэг 28, Монгол Улсын Засгийн газар 84 хууль тогтоомжийн төсөл санал болгожээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Оюун нараас 3 санал тусгайлан ирүүлснийг тооцоод хууль санаачлагчдаас нийт 161 хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэх саналаа ирүүлсэн байна.

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулахад гишүүдийн 90 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Дараа нь УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачилсан Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг хуулийн төсөл нь 6 бүлэг, 24 зүйлтэй бөгөөд хуулийг шинэчлэн баталснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагч нь тайлбарлаж байгаа юм. Хуулийн төслийн талаар гишүүд асуулт асуусны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь уг хуулийг цаашид хэлэлцэхийг дэмжив.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг өнгөрсөн оны сүүлчээр баталсан Сонгуулийн тухай хуультай нийцүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс уг хуулийн төслийг санаачлан боловсруулсан аж. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших бол санал авах өдрөөс гурван сарын өмнө тус тус төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна. Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж өөрчлөн найруулахаар тусгажээ. Уг хуулийн төслийг хэлэлцэхийг мөн байнгын хорооны гишүүд дэмжив.

Мөн үүнээс гадна Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Д.Батцогт гишүүний өргөн мэдүүлсэн хуульд Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны нэрийг “Тогтвортой хөгжлийн дэд хороо” гэж өөрчлөх санал орсон бол Н.Батбаяр гишүүний өргөн мэдүүлсэн хуульд “хууль санаачлагч болон албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах санал оруулсан УИХ-ын гишүүн уг асуудлыг хэлэлцэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, эсхүл төсөл, саналаа танилцуулаагүй бол хууль болон бусад шийдвэрийн төсөл, саналаа татан авсанд тооцох”, “хэлэлцэх хугацааг тусгайлан тогтоосон асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авахыг хориглох” тухай зохицуулалт оруулж байгаа аж.

Харин УИХ-ын гишүүн Су.Батболд УИХ-ын дэгийн хуулийг ганц нэг гишүүний саналаар ойр ойрхон өөрчлөөд байх нь зохимжгүй, тогтвортой мөрдөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлээд уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг байнгын хорооны ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.

Н.Гантуяа

Связанные новости