Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-17 16:02:22

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулав.

 

Сонсголыг УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар даргалан явуулсан юм. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасныг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсголын товыг энэ оны тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж, сонсголд оролцогчдыг нээлттэйгээр оролцохыг урьсан. Сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигчийн мэдээллийг parliament.mn цахим хуудсанд байршуулсан. Сонсголын тов, хугацаа, оролцогчдыг бүртгэх хуудсыг байршуулсан зарыг УИХ-ын цахим хуудсаар олон нийтэд хүргүүлсэн гэдгийг тодотгов.

 

Сонсголын үеэр нэр дэвшигч Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарын намтар, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж буй эсэх, уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил зэрэг мэдээллийг сонсов. Улмаар УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ийнхүү сонсгол өндөрлөж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу сонсголын тайланг гаргахаар хаалттай хуралдав. Тайланд сонсголын дүнд үндэслэн нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгах бөгөөд мөн тайланг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулж, санал дүгнэлт гаргаж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн томилох шийдвэр гаргах юм.

Связанные новости