Хэнтий аймгаас зургаан малчин Улсын сайн малчин боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ21 аймаг, нийслэлээс 140 малчин, 7 фермер, нэг малчдын бүлэг тодорхойлолт ирүүлснээс шалгаруулах журмын харгалзах 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, шаардлага хангасан 118 малчныг “Улсын сайн малчнаар” шалгаруулахад Хэнтий аймгаас 6 улсын сайн малчин тодорлоо.
Улсын сайн малчнаар Хэнтий аймгаас Баянхутаг сумын Улаан-Өндөр багийн малчин Данзангийн Чинзориг, Өмнөдэлгэр сумын тавдугаар багийн малчин Цэрэндоржийн Содномдаржаа, Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн малчин Борын Пүрэв, Галшар сумын Баянбадрал багийн малчин Төмөрийн Төрмөнх, Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Жамцийн Даваажав, Биндэр сумын Баян-Өндөр багийн малчин Мядагийн Пүрэв нар тодорчээ.
Тус малчид нь удам залгасан сайн малчид төдийгүй мал сүргээ төлөөр нь өсгөж, эрсдэлийг гарз хохиролгүй даван туулж байгаа, сум, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажилласан 33-75 хүртлэх насны хүмүүс байсныг албаныхан хэллээ.
Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жил дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог нэмэгдүүлжээ.
О.Буянхишиг