Зика вируст халдвараас сэргийлэх мэдэгдэл хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДӨнгөрсөн оны тавдугаар сард бүртгэгдсэн Зика вирүст халдвар дэлхийн 28 улсад эрчимтэй тархсаар байна. ДЭМБ-ын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Шуурхай хороо 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хуралдан энэ талаар хэлэлцэж, “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэн хэмээн үзэж, гишүүн орнууддаа мэдэгдэл хүргүүлжээ.
Зика вирусын халдвар жирэмсэн эхээс урагт хэрхэн халддаг талаар нарийн судлаагүй ч гол төлөв шумууланд хазуулж, мөн цус, бэлгийн замаар дамждаг байж болзошгүй гэж үзэж байна.
Манай улсад Aedes, Anopheles, Culex, Culiseta гэсэн дөрвөн төрөлд хамаарах 30 зүйлийн шумуул бүртгэгдсэнээс Денгийн чичрэг, шар чичрэг, Чикингуния, Зика вирүст халдвар дамжуулдаг Aedes төрөл нь ихэнх нутгаар тархсан байдаг.
Зика вирусын халдвар авсан хүмүүсийн 30 орчим хувьд нь шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илэрдэг байна. Шумууланд хазуулснаас хойш 3-12 хоногийн дараа халуурах, тууралт гарах, нүдний салст үрэвсэх, булчин, үе мөч өвдөх шинж 2-7 хоног үргэлжилдэг. Гол төлөв жирэмсэн эхээс амьгүй ураг, тархи жижигрэх өвчтэй нярай төрж, өвчтөнүүдэд мэдрэлийн эмгэг үүсгэдэг байна.
Иймээс ДЭМБ-аас гишүүн орнууддаа хандсан мэдэгдэл, энэ дагуу хийж хэрэгжүүлэх ажлын талаарх зөвлөмжийг ЭМСЯ-наас Зоонозын болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллагад хүргүүлжээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.