Зүрхний хэм алдагдлын хагалгааг эх орондоо хийдэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-02-19 14:09:30

П.Н.Шастины нэрэмжит Улсын 3 дугаар төв эмнэлэгт өнөөдөр зүрхний хэм алдагдлын электрофизиологийн лабораторийн албан ёсны нээлт боллоо.

Тус эмнэлэг өнгөрсөн онд зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах  зорилгоор 1 тэрбум 50 сая орчим төгрөгийн өртөг бүхий  зүрхний хэм алдагдлын электрофизиологийн лабораторийн аппарат, тоног төхөөрөмжийг захиалан худалдан авчээ. Ийнхүү эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийх боломж бүрдэж байгаа юм.

Манай оронд сүүлийн 10-15 жилд зүрхний хэм алдагдлын улмаас зүрх гэнэт зогсох, зүрхний дутагдалд орж хөдөлмөрийн чадвараа амьдралын туршид алдах тохиолдол ихэсч байгаа аж.

Зүрхний хэм алдагдлын өвчний гол эмчилгээ болох аблаци эмчилгээ /зүрхний хэм үүсгэх, дамжуулах замыг түлж эмчлэх/-д Монгол иргэд гадаад оронд олноор явж 20-30 мянган ам.долларын үнэтэй эмчилгээ хийлгэдэг байна. Иймд тус эмнэлэг өөрийн орондоо зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээний тусламжийг үзүүлж эхэлснээр гадаад руу явах иргэдийн урсгалыг зогсоох юм.

“Зүрх, судасны мэс заслын аблаци эмчилгээ" нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар гадаадад явж эмчлүүлэх өвчний жагсаалтад хамардаг байсан юм. Тэгвэл энэ бүгд ард хоцорч хэм алдагдлын аблаци эмчилгээг эх орондоо энэхүү эмчилгээг хийх бүрэн боломжтой боллоо хэмээн ЭМС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэллээ.

Өнөөдөр өглөө анхны хагалгааг 42 настай өвчтөнд хийсэн бөгөөд эхний хоёр өвчтөний зардлыг байгууллагуудын ивээн тэтгэлгээр үнэ төлбөргүй хийжээ. Зөвхөн багаж хэрэгслийн өртөг нь 20 орчим сая төгрөгийн үнэтэй. Цаашид өдөрт 2-5 хүнийг дээрх хагалгаанд оруулах боломжтой аж. 

2011-2014 онд гадаад улс руу эмчлүүлэх зорилгоор явсан  Монгол иргэд хамгийн багадаа жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулсан бөгөөд ихэвчлэн БНСУ, БНХАУ, Энэтхэг,  Тайланд улсыг зорьсон байна. Гадаад оронд эмчилгээ оношилгоонд явсан дээрх иргэдийн 50 гаруй хувь нь зүрх судасны өвчний шалтгаанаар явсан албан мэдээ байна.

Нээлтийн ажиллагаанд Ази Номхон далайн Зүрхний хэм  алдагдлын  холбооны ерөнхийлөгч, Кореан их сургуулийн зүрх судлалын төвийн дарга  Ким Юун Хун, Улсын 3 дугаар төв эмнэлгийн дарга, анагаах ухааны  доктор Ц.Төмөр-Очир болон албаны хүмүүс оролцов.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Связанные новости