Т.Алимаа:Цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл олон улсын түвшинд хүрсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өндөр технологиор үйлдвэрлэсэн цус цусан бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар БНХАУ-тай хамтран зохион байгуулж буй сургалт семинар өнөөдөр ЦССҮТ-д эхэллээ.
ЦССҮТ, БНХАУ-ын Цусны алба хооронд мэдээлэл солилцох, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хамтран зохион байгуулах зорилготой хамтын ажиллагааны санамж бичгийг хоёр жилийн өмнө байгуулжээ. Энэ хүрээнд “Цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ” сэдэвт Монгол-Хятадын анхдугаар сургалт семинарт оролцохоор БНХАУ-аас 11 эмч мэргэжилтэн Монголд ирээд байна.
Шанхай хотын Цусны төвийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасгийн эмч Донгфу Ши хэлэхдээ, “БНХАУ-д одоогоор эмнэлзүйд хэрэглэж байгаа цус цусан бүтээгдэхүүний 99 хувийг сайн дурын авлагагүй доноруудаас үйлдвэрлэсэн цус цусан бүтээгдэхүүнийг эмчилгээнд хэрэглэж байна. Энэ нь 1998 оноос хэрэгжсэн донорын тухай хуулийн үр дүн. БНХАУ-ын эмнэлгүүд хоёр төрлийн аргаар цус цусан бүтээгдэхүүн цуглуулдаг. Нэгдүгээрт доноруудаас бүхэл цус цуглуулан түүнээс бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөгөө нь аферизын технологиор сийвэн буюу эс цуглуулах юм. БНХАУ-д бүрдэл эсийн эмчилгээг 95 хувьд хүргээд байна” гэв.
ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа ярихдаа, “Цусны аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг гэж үзээд нийтээр дагах стандарт, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд мөрдөх удирдамж зааврыг шинэчилж байна. Манай улсын хувьд цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл олон улсын түвшинд хүрсэн. Харин үүнийг эмнэлзүйд, өвчтөнд аюулгүй, эрсдэл багатай, хамгийн оновчтой байдлаар сэлбэх ажлыг сурталчлах, практикт хэрэгжүүлэх үе шатандаа явж байна. Олон улсын цус судлалын нийгэмлэг, ДЭМБ-аас анх 1975 онд дэлхий даяар сайн дурын авлагагүй донорын эгнээнд шилжих уриалгыг гаргасан. Манай улсын хувьд 1994 онд суурин болон явуулын цус цуглуулдаг газрууд 100 хувь сайн дурын авлагагүй донорын тогтолцоонд шилжсэн. Хэдий тийм боловч цусны нөөцгүй үед ард иргэд, найз нөхдөөс нь цус авах шаардлага тулгардаг. Энэ тохиолдол жилээс жилд буурч байгаа. 2016 онд анх удаа цусаа сайн дурын авлагагүй доноруудаас цуглуулж чадсан. Үүнийгээ жилээс жилд хадгалахыг хичээж байна. Сүүлийн жилүүдэд шинэ технологи нэмэгдэж байгаа ч цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ өссөн. 2013 оны статистиктай харьцуулахад цус цуглуулалт 55 хувь, бүтээгдэхүүн үйлдвэрлэл 70 хувь өссөн. Энэ нь тодорхой хэмжээгээр эрүүл мэндийн байгууллагын цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ 60-70 хувь өсч буйг харуулж байна” гэв.
Хоёр өдөр үргэлжлэх тус сургалт семинарт хот, хөдөөгийн улсын
болон хувийн хэвшлийн 150 орчим мэргэжилтэн оролцож байна.