Эдвард Мозер:Тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлснээр алцхаймерыг бүрэн эмчлэх боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ЕТГ-аас Төрийн ордонд зохион байгуулж буй “Тархи судлал-XXI” зуун эрдэм шинжилгээний хурлын үеэр Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер “Цаг хугацаа ба орон зай” сэдвээр лекц уншлаа.
Тэрбээр хүний тархинд орон зай, цаг хугацааны мэдрэмж хэрхэн
хадгалагддаг, түүнийг боловсруулах механизмын талаар хийсэн судалгаагаар 2014
онд Нобелийн шагнал хүртсэн
бөгөөд лекцийнхээ үеэр хархны тархины үйл ажиллагаанд тулгуурлан хийсэн судалгааны
ажлаа танилцуулсан. Хүний тархинд дунджаар 100 тэрбум эс байдаг бөгөөд нэг
эс нь 10 мянга орчим эстэй холбогдож, цахилгаан долгионоор дамжуулан мэдээлэл хүлээн
авч, дамжуулдаг аж. Энэ нь хөхтөн амьтан болон хүний тархины ажиллагааны гол
хэлбэр бөгөөд үүнийг нарийн судалснаар дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал
болоод буй алцхаймер болон сэтгэцийн өвчнүүдийг эдгээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
хэмээн үзэж буйгаа профессор Эдвард Мозер дурдлаа.
Тэрбээр, “Эрдэмтэд харх, сарьсан багваахай, сармагчин болон хүний тархи зүг чигээ хэрхэн олдог талаар судалсан. Хүний тархинд зүг чиг олох үйл ажиллагааг зохицуулдаг хоёр хэсэг байдаг бөгөөд чихний харалдаа байрлах чамархай орчимд байдаг. Эрдэмтэд хархыг төөрдөг байшин хэлбэртэй болон өмнөө саадтай, саадгүй зэрэг хайрцаганд хийж тухайн орчноо хэрхэн зураглаж буйг судалсан. Ингэхдээ хүний тархи байршлын эс, хүрээ эс, торон эс, хурдны эс зэрэг хэд хэдэн төрлийн эсээс бүрдэж байгаа бөгөөд эдгээр нь тухайн байгаа орчноо харж, тархиндаа зурагжуулан буулгадаг гэсэн таамаглалыг 1930 оны үед дэвшүүлж байжээ. Гэвч тухайн үед техник, тоног төхөөрөмжгүйгээс үүдэн үүнийг бүрэн тайлбарлах боломжгүй байв. Улмаар 1950 оны үед энэ чиглэлд тодорхой ахиц, дэвшлүүд бий болж эхэлсэн. Тухайлбал, маш жижиг хэмжээний электрод бий болгосон. Энэ нь эс хооронд шурган орж, мэдээлэл бүртгэх боломжийг бий болгосон бөгөөд мэдрэлийн эсийн мэдээлэл дамжуулах явцаас эхлээд олон судалгааны эхлэл болсон юм. Харин цаг хугацаатай холбоотой мэдээллийг эрдэмтэд төдийлөн бүрэн судлаагүй байгаа. Ямартай ч хүн хугацааг тодорхой хэмжээгээр кодлон бүртгэж авдаг. Энэ бүхэн танин мэдэхүйн ердөө эхний шатны судалгаа цаашдаа улам бүр дэлгэрүүлэн судалж, алцхаймер болон бусад өвчнийг эдгээх ирээдүй ойрхон байна. Алцхаймер бол хүн зүг чиг олох механизмаа алдсан шинж тэмдгээр илэрдэг бөгөөд дэлхийн хүн амын нэг хувь нь энэ өвчнөөр шаналдаг гэсэн судалгаа бий. Цаашдаа хүн амын дундаж наслалт өсөх тусам энэхүү өвчний тархалт нэмэгдэж, дэлхийн өмнө тулгамдсан асуудал болно. Тиймээс энэ төрлийн судалгааг нарийн явуулснаар энэхүү өвчнийг эрт үед илрүүлэх, эмчлэх боломж бүрдэнэ” гэлээ.
Мөн үеэр Дэлхийн тархи судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Пьер Магистретти “Тархи судлал-XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Хүний тархинд 1 мм-ээс 11 метрийн хэмжээтэй 100 тэрбум эс байдаг бөгөөд хүний бие нийт энергийнхээ 25 хувийг тархины үйл ажиллагаанд зарцуулдаг байна. Түүнчлэн тархины зарим хэсэгт шаардлагатай эсийг шинээр бий болгох боломжтой байдгийг илтгэлийнхээ эхэнд онцлов. Тэрбээр, “Миний дээр дурьдсан зүйлс бол суурь судалгаа. Суурь судалгаанд тулгуурлан эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх өргөн боломжтой. Өнгөрсөн хугацаанд хүний тархины эсийн байршлыг тодорхойлох, зураглах технологи бий болсон. Мөн оптогенетик буюу электрод суурилуулах замаар аливаа эсийг идэвхжүүлэх боломжтой. Эсийг идэвхжүүлснээр хүний мэдрэлийн сүлжээг дарангуйлж, саажилттай хүний гар, хөлийг хөдөлгөдөг болгох юм. Улмаар хүний тархинд байгаа мэдээллийг кодлон хиймэл гар, хөлийг хүссэнээрээ хөдөлгөдөг болох зэрэг олон амжилтыг бүтээх боломжтой болно. Европын нийт хүн амын 33 орчим хувь нь тархины ямар нэгэн өвчтэй бөгөөд энэ нь зүрх судас, чихрийн шижин зэрэг нийтлэг өвчнөөс илүү их зардлыг өвчтөнөөс гаргадаг. Тиймээс тархи судлалын шинжлэх ухаанд тулгуурлан энэ бүх асуудлыг шийдвэрлэж болно. Манай байгууллага тархи судлалын чиглэлээр ажиллаж буй залуу эрдэмтдийг үргэлж дэмжин ажилладаг. Монголын эрдэмтэн судлаачдыг ч мөн дэмжих болно. Тухайлбал, бүсийн аяллын тэтгэлэг гэж бий. Энэхүү тэтгэлэгт хамарсан залуус бүс нутгийнхаа улс орнуудад болж буй томоохон хурал, зөвлөгөөнүүдэд оролцож, туршлага судлах боломж бүрдэнэ” гэлээ.
Эрдэм шинжилгээний хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ШУА-ийн ерөнхийлөгч
Д.Рэгдэл, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, “Нейросайнс” олон улсын
эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон Дэлхийн тархи судлалын байгууллагын
төлөөлөгчид болон Норвеги, Швейцар,
Испани, Япон зэрэг 11 орны тархи судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн,
докторууд зэрэг 800 гаруй
төлөөлөгч оролцож
байна.
Хурлын үеэр Эрүүл мэндийн сайд
Д.Сарангэрэл: Хэрэв бидний тархи
хэт энгийн байсан бол хүний бие энгийн, ойлгомжтой бөгөөд юу ч хийж, бүтээж
чадахгүй хэмжээнд байх байсан хэмээн нэгэн эрдэмтэн хэлсэн байдаг. Орчин үед XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан бол тархи судлалын салбар гэж
үзэх болсон. Өнөөдөр хөгжилтэй орнууд тархи судлалын шинжлэх ухааныг
хөгжүүлснээр хиймэл оюун ухаанд тулгуурласан технологи, биотехнологи зэрэг
салбарт үсрэнгүй дэвшил гарч байна. Манай орны хувьд зүрх судасны тогтолцооны
өвчин хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байгаа. Тэр дундаа
тархинд цус харвах өвчин эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж
байна. Дэлхийн эрдэмтэд мэдрэлийн эс болон сүлжээг идэвхжүүлэх замаар мэдрэл,
сэтгэцийн өвчнүүдийг эмчилдэг болсон. Өнөөдрийн энэхүү хурал нь Монгол Улсын
тархи судлалын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болох юм.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл: Тархи судлал бол хүн төрлөхтнийг улам бүр гайхшруулсаар
байгаа. Өнөөгийн Монгол Улсын шинжлэх ухааны ололт амжилт жилээс жилд хөгжиж
байна. Энэхүү үйл ажиллагааг
зохион байгуулагчдад академийнхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Уг хурал
Монголд тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ
гэдэгт итгэж байна.
Анагаах ухааны академийн
ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн: Хүн төрлөхтөн өөрсдийгөө бүрэн судлаагүй хэрнээ сансар огторгуйг судлах
том зорилт тавьсан. Дэлхийгээс хамгийн ойр орших одонд хүрэхэд одоогийн
бүтээсэн сансрын хөлгөөр 70 жил явна. Тэгэхээр хүний нас гүйцэхгүй. Тиймээс
хиймэл оюун ухаан бүтээж, сансар, огторгуйд робот илгээх боломжтой. Гэтэл
дэлхийн эрдэмтэд хүний тархины эсийн ердөө нэг хувийг л судалсан. Үлдсэн 99
хувь нь нууц хэвээр байна. Хүний тархийг бүрэн орлох компютер бүтээхэд одоогийн
Нью-Йорк хотын газар нутагтай тэнцэх хэмжээний процессор байх шаардлагатай
гэсэн судалгаа бий. Монгол Улсын хувьд 1970 оны үед хүний тархинд электрод
суулгах зэрэг судалгаа хийж байсан ч сүүлийн жилүүдэд төдийлөн хөгжөөгүй. Энэ
нь ердөө санхүүгийн чадамжгүй байдлаас үүдэлтэй. Тиймээс тархи судлалын
салбарыг хөгжүүлэх асуудлыг төр бодлогоор дэмжих нь чухал.
Гэрэл зургийг Т.Чимгээ