Химийн ослын үед эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэхэд суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-09-26 14:17:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ хамтран зохион байгуулж буй уул уурхайн үйл ажиллагаатай химийн бодисын хордлогын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхийг сайжруулах сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Дэлхий дахинд үйлдвэржилт, хотжилт, уул уурхай хурдацтай хөгжих тусам байгаль, экологийн тэнцвэртэй байдал, хүнс, ахуйн химийн аюулгүй байдал алдагдан хүрээлэн буй орчин болон хүний биед хорт нөлөө учруулах физик, химийн эрсдэлт хүчин зүйл жил ирэх бүр нэмэгдэж байна. Дэлхийн хүн амын дунд зонхилон тохиолдох 10 өвчний жагсаалтад хордлого, осол гэмтэл багтаж байгаа бөгөөд үхэлд хүргэсэн тохиолдлоор сүүлийн 5 жилд эрсдэл ихтэй өвчин эмгэгийн жагсаалтын 5 дугаар байрнаас 3 дугаарт шилжсэн нь түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх судалгаа, оношилгоо, эмчилгээ, эмнэлгийн тусламжийн тулгамдсан асуудлын нэг болсныг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд химийн хорт болон аюултай бодисын хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаагийн хэрээр химийн осол, зөрчлийн тоо улам бүр нэмэгдсээр байна. 2004-2007 онд химийн бодисоос үүдэлтэй осол зөрчил 20, 2008-2010 онд 38 удаа бүртгэгдсэн бол 2012-2015 онд 69 болж эрчимтэй өссөн байна. 2015 онд улсын хэмжээнд 279 аж ахуйн байгууллагад 2800 нэр төрлийн 683671.5 тонн химийн бодист зөвшөөрөл олгосноос импортлосон химийн бодисын тоо хэмжээ 114000 тонн байна. Манай улсын уул уурхай, тэр тусмаа алт олборлох үйл ажиллагаанд натрийн цианид, мөнгөн ус, давсны хүчил, азотын хүчил зэрэг хортой бодисыг хамгийн өргөн хэрэглэдэг байна. Монгол Улсад химийн бодисын хэрэглээ, нэр төрөл нэмэгдсэнээр химийн бодис алдагдаж, осол гарах эрсдэл улам бүр өсч байна. Иймээс химийн хордлогын үед яаралтай тусламж үзүүлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны механизм, гинжин хэлхээг загварчлах, ослын үед ажиллах нийгмийн эрүүл мэндийн менежментийг боловсронгуй болгож, мэргэжилтнүүдийг сургах зайлшгүй шаардлагатай аж.

Сургалтад ХЯТҮТ, аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд болон уул уурхайн салбарт ажиллаж буй эрүүл мэндийн ажилтан нийт 60 хүн оролцож байна. Сургалт энэ сарын 28-ныг дуустал үргэлжилнэ.

Связанные новости