Тавантолгойн цахилгаан станцын тендерийн ялагчаар "Марубени" шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-01 16:51:33

Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн том чадлын цахилгаан станц барих тендерт Японы "Марубени" /Marubeni/ корпораци шалгарчээ.

Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн том чадлын цахилгаан станцыг гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэж Эрчим хүчний яамны дэргэд Төслийн нэгж байгуулан 2013 онд үйл ажиллагааг нь эхлүүлсэн.

"Тавантолгой цахилгаан станц төсөл"-ийн нэгж нь байгаль орчин нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ, нүүрс, ус, агаарын чанар, станцын байршил, цахилгаан дамжуулах агаарын шугам, станцын ус хангамжийн шугам хоолой, үнсэн сангийн нөөц газар зэрэг холбогдох 20 гаруй судалгаанууд, мөн Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувьцаа эзэмшигчдийн гэрээ, Нүүрс, Ус нийлүүлэх гэрээ, Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ зэрэг 15 гэрээний төсөл, нийт 5000 гаруй хуудас бүхий олон улсын стандарт, шаардлагыг хангасан баримт бичгийг боловсруулж дуусгажээ.

Төслийн техникийн зөвлөхөөр Австралийн Уорлей Парсонс /WorleyParsons/, Санхүүгийн зөвлөхөөр Японы "Сумито Мицуй Банкинг" корпораци /Sumitomo Mitsui Banking Corporation/, Хуулийн зөвлөхөөр АНУ-ын "Шерман энд Стерлинг" /Shearman & Sterling/, Байгаль орчин, нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээг Английн "Мот Макдоналд" /Mott MacDonald/ компаниуд хийж гүйцэтгэсэн байна.

Төсөлд хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагчийг сонгохоор дэлхийд нэр хүнд бүхий бие даан эрчим хүч үйлдвэрлэгч /IPP-Independent Power Producer/ 25 компанид санал хүргүүлснээс 10 компани төсөлд оролцох сонирхлоо илэрхийлж нэр бүхий 4 компанид Техникийн болон Арилжааны ажлын даалгавар хүргүүлжээ. Үе шаттай сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр Японы "Марубени" /Marubeni/ корпорацийг “Шалгарсан хөрөнгө оруулагч”-аар хоёрдугаар сарын 28-ний өдөр "Тавантолгой Цахилгаан станц төсөл"-ийн Удирдах хороо хуралдаж тодруулсан байна. Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах явцад олон улсын аудитын “Делоитт Онч” компани хөндлөнгийн хяналт тавьж ажиллажээ.

"Марубени" корпораци нь дэлхийн 22 оронд нийт 34870 МВт суурилагдсан хүчин чадал бүхий цахилгаан станцыг эзэмших, ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон эрчим хүч үйлдвэрлэгч компани юм байна.

Н.Гантуяа

Связанные новости