М.Цэнгэг: Австрийн аялал жуулчлалын компаниуд Монголыг шинэ зах зээл хэмээн сонирхож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен манай улсад энэ сарын 25-28-нд төрийн айлчлал хийхтэй холбогдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Цэнгэгтэй ярилцлаа.
-Барууны орнуудаас Австри нь манай улстай дипломат харилцаа
тогтоосон хоёр дахь улс гэдгээрээ онцлог. Одоогоор хоёр улсын харилцаа ямар
чиглэл, агуулгаар өргөжин хөгжиж байна вэ?
-Бүгд Найрамдах Австри Улс Монгол Улсын тусгаар тогтнол, бие
даасан, бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн, хүлээн зөвшөөрч дипломат харилцаа
тогтоосон өрнөдийн анхдагч орнуудын нэг яах аргагүй мөн. Хоёр улс анх 1963 оны
7 дугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. Европын Холбооны гишүүн өрнийн
орнуудаас манай улстай анхлан дипломат харилцаа тогтоосон улсуудын нэг.
Дипломат харилцаа тогтоосноос хоёр улсын харилцан итгэлцэл сайн
байж ирсэн. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжих хүртэл манайхтай идэвхтэй
худалдаа эрхэлж байсан барууны цөөн орны нэг бол Австри Улс. Хоёр улсын
худалдааны эргэлт 1980-1991 онд хамгийн идэвхтэй байж, 1991 он гэхэд нийт
худалдааны эргэлт 19 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 115.6 сая австри
шиллинг болсон. Үүнээс манай экспорт 2.4 сая, импорт 113.2 сая шиллинг хүрч,
Австри Улс нь өрнөдийн орнуудаас манай худалдааны гол түншийн нэг байсан
түүхтэй. Австри Улс манай улсын ардчиллын үйл явцыг эхнээс нь тууштай дэмжиж,
ардчилал, хүний эрх, иргэний нийгмийг бэхжин төлөвшихөд хувь нэмэр оруулсан.
Австри нь манайхтай адил далайд гарцгүй, Европын томоохон
орнуудтай харьцуулахад 9.2 сая буюу харьцангуй цөөн хүн амтай тул Монгол Улсын
газар зүйн байршил, онцлог, улс төр, гадаад бодлогын үзэл баримтлалыг ойлгож,
хүндэтгэдэг. Тэр ч утгаараа өдгөө хоёр улсын харилцаа улс төрийн өндөр
итгэлцэлд түшиглэн, найрсгаар хөгжиж байна.
Монгол Улс Австрийн нийслэл Вена хотноо ЭСЯ-аа 2003 онд нээсэн
бол Австри Улс Монгол Улсыг Бээжин дэх ЭСЯ-наасаа хамаарч, талууд харилцаа,
хамтын ажиллагаагаа шинэ агуулгаар баяжуулж байна. Сүүлийн жилүүдэд соёл,
боловсрол, эрүүл мэндийн салбарт харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа.
Мэдээж манай улс хоёр талын харилцааг эдийн засгийн
агуулгаар баяжуулахыг зорьж байгаа. Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Белленийн
Монгол Улсад хийх төрийн айлчлалын зорилго ч үүнд оршиж байгаа. Худалдаа, эдийн
засгийн харилцааг шинэ шатанд гаргахад ихээхэн түлхэц болох юм. Энэ удаагийн
айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон нэгэн жарны түүхэнд
Австрийн талаас төрийн тэргүүний түвшинд хэрэгжүүлж буй анхны айлчлал учир хоёр
талын харилцаанд тодоор үлдэж, цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ
хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй байна.
-Хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон ямар
төслүүд амжилттай хэрэгжиж байна вэ. Цаашид ямар чиглэлүүдэд хамтын ажиллагаа
өргөжих боломжтой вэ?
-Австри Улс Монгол Улсын ардчилсан нийгэмд шилжих шилжилтийг
тууштай дэмжиж, ардчилал, хүний эрх, иргэний нийгмийг бэхжин төлөвшүүлэх, зах
зээлийн эдийн засгийн анхны ойлголтыг төлөвшүүлэх, хувийн хэвшлийн боловсон
хүчнийг бэлтгэхэд хувь нэмэр оруулсан. Анх 1992 онд Монгол Улсын Засгийн газрын
харьяа Удирдлагын хөгжлийн институт /одоогийн Удирдлагын академи/ Австрийн
Эдийн засгийн танхим /ХАҮТ/-ын дэргэдэх Эдийн засгийг дэмжих институттэй
хамтран Монголд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, энэ чиглэлийн менежерүүдийг
бэлтгэх сургалт зохион байгуулж, 30 хүнийг хамруулан, сургагч багш нарыг
бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байв.
Хоёр улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын
ажиллагааны хүрээнд 40 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлийн гурван удаагийн
хэлэлцээрийг 2011, 2016, 2019 онд тус тус байгуулж, өнгөрсөн 13 жилд 120 сая
еврогийн өртөг бүхий 16 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Эрүүл мэнд, дэд
бүтцийн салбарт хэрэгжүүлсэн төслийн ачаар Хавдар судлалын үндэсний төв, Эх,
хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр эмнэлэг, Төрийн тусгай
алба хаагчдын эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Онцгой байдлын гал унтраах ангиудын
техник, тоног төхөөрөмжийг шинэчилж, Дархан хотын цэвэр усны шугамыг өргөтгөөд
байна.
-Хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар
мэдээлэл өгнө үү. Австри Улсад хэдэн монгол оюутан суралцаж байна вэ?
-“Дээд боловсролын ижил тэнцүү байдлыг харилцан хүлээн
зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Австри Улсын Засгийн газар
хоорондын хэлэлцээр”-ийг 2006 онд байгуулсан. Австри Улс нь Европын Холбооны
орнуудаас дээд боловсролын ижил тэнцүү байдлыг харилцан хүлээн зөвшөөрдөг цорын
ганц улс юм. Өөрөөр хэлбэл, 12 дугаар ангиа төгсөж байгаа хүүхэд заавал
Монголдоо 1-2 жил их, дээд сургуульд сурахгүйгээр Австрийн их, дээд сургуульд
шалгуулж, элсэн суралцах боломжтой гэсэн үг.
Үүгээрээ Австри Улс Европын бусад улс орноос давуу талтай. Австрид
суралцах монгол оюутны тоо тогтмол нэмэгдэж байгаа. Одоогоор, зөвхөн Австрийн
их, дээд сургуулиудад 500 орчим монгол оюутан суралцаж буй тухай мэдээлэл бий.
Австрийн гэх тодотголтой их, дээд сургуулиудын ихэнх нь Европын
орнуудтай адил, төлбөргүй байдгаараа давуу талтай. Мөн амьдрахад хамгийн таатай
орны тоонд ордог тул оюутан, залууст суралцах таатай орчныг бүрдүүлдэг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100”
тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилээс Австри Улсын
Леобен дэх Монтаны их сургууль, Грацын технологийн их сургуульд монгол
оюутнуудыг суралцуулахаар тохирсон. Эхний ээлжид Боловсролын зээлийн сан, Монтаны
их сургууль хооронд байгуулсан гэрээний дагуу Монголын 6 оюутан энэ оны 3
дугаар сараас тус их сургуульд элсэн сурч байна. Цаашид “Илгээлт-2100”
тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Австри Улсад суралцах монгол оюутны тоог нэмэх,
Австрийн хамтран ажиллаж буй их сургуулиудаас монгол оюутнуудад тэтгэлэг
олгуулахад анхаарч байна.
-Хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагааны тухайд?
-Боловсролын салбарын хамтын ажиллагаанаас гадна хоёр талын
соёлын харилцаа идэвхтэй хөгжиж байгааг дурдъя. Соёлын хамтын ажиллагааны тухай
БНМАУ, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1979
онд байгуулж байсан гээд бодохоор соёлын салбарт эртнээс хамтран ажилласан түүхтэй.
Венийн их сургуульд монгол судлалыг хөгжүүлэхээр тус сургуулийн Түүх, соёл
судлалын тэнхимийн судлаач Франческа Фиасэттигийн санаачилгаар цуврал лекц,
сургалтыг 2019 оноос зохион байгуулж байна. Энэ санаачилга нь өргөжиж,
“Монголын соёл, шашин шүтлэг” хичээлийг 2023-2024 онд зохион байгуулсан. Тус
сургалтыг 2023 оны хичээлийн жилийн намрын улиралд 14 оюутан, 2024 хаврын
улиралд 21 оюутан сонгон судалснаас харахад Монголыг, тэр дундаа монголын түүх,
соёл, зан заншлыг сонирхох хүмүүс Австрид багагүй байдгийг илтгэж байна.
Австрийн Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хоёр улсын ШУА,
Венийн Хөгжим, тайзны урлагийн их сургууль, Монгол Улсын Консерваторын хооронд
хамтран ажиллах баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурна. Австрийн соёл,
шинжлэх ухаан, боловсролын салбарын томоохон байгууллагуудын төлөөлөл бүхий 10
хүн Ван дер Беллен ерөнхийлөгчийн албан ёсны бүрэлдэхүүнд багтан айлчлах гэж
байна.
-Австрийн хөрөнгө оруулагчдыг Монголд татах чиглэлээр Элчин
сайдын яамнаас ямар ажил хийж байна вэ?
-Хоёр талаас эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхол их бий. Австри Улс аж үйлдвэрийн салбар, түүний дотор авто машины сэлбэг, эд анги, боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл, техникийн дэвшил, инновацын хөгжлийг тууштай дэмжиж, хөгжүүлдэг. Хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд хэдийн анд нөхөр, итгэлт түншийн харилцаа тогтсон. Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй байгаа. Хоёр жил тутамд бизнес эрхлэгчдийн уулзалт, форумыг харилцан зохион байгуулж хэвшээд байна.
Манай Элчин сайдын яамнаас Австрийн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд
зориулан Монголын эдийн засгийн нөхцөл байдал, бизнес, хууль эрх зүйн орчны
талаар бодит мэдээлэл өгөхөд анхаарч хамтарсан уулзалт, үйл ажиллагаа зохион
байгуулдаг. Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Австрийн эдийн засгийн
тэргүүлэх салбарын 20 аж ахуйн нэгжийн төлөөлөл багтсан. Бизнес эрхлэгчдийн
уулзалтыг “Монгол-Австрийн бизнесийн дугуй ширээний уулзалт” нэртэйгээр хоёр
улсын төрийн тэргүүний ивээл дор энэ сарын 27-нд зохион байгуулна.
Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд аялал жуулчлалын
салбарынхны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр улсын тур
операторуудыг холбох, харилцан туршлага солилцох боломжоор хангах нь чухал
байгаа. Австри Улс нь ДНБ-ийхээ 7-8 хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж,
жилд 30 сая жуулчин хүлээн авдаг.
Газар зүйн хувьд Монгол Улстай төстэй, далайд гарцгүй,
уулархаг нутагтай. Аялал жуулчлалын салбараа газар зүйн онцлог, түүх, соёлын
салбараа түшиглэн хөгжүүлж, өвлийн аялал жуулчлалаас орлого олдог. Австрийн
аялал жуулчлалын компаниуд Монголыг ихээхэн сонирхож, төдийлөн танигдаагүй шинэ
зах зээл гэж харж байна. Ялангуяа, адал явдалт аяллыг сонирхдог хүмүүст Монгол маш
сонирхолтой шүү дээ.
-Ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр
Австри Улстай ямар хамтын ажиллагаа өрнүүлж байна вэ?
-Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен байгаль орчны бодлого, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт ихээхэн ач холбогдол өгдөг хүн юм. Энэ бодлого нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэлхийн дулаарал, цөлжилттэй тэмцэж, тэрбумаар тоологдох мод тарих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүс нутаг, цаашлаад дэлхий нийтийн хандлага, үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах санаатай нийцэж байгаа.
Манай ЭСЯ-наас байгаль
орчны салбарын хамтын ажиллагаанд ач холбогдол өгч, Австрийн ойн салбарын төр,
хувийн хэвшлийн байгууллагатай харилцаа холбоо тогтоож байна. Австри Улсын ойн
салбарын бодлого, хууль эрх зүйн орчин, ойн арчилгаа, мод үржүүлэг, модыг эдийн
засгийн эргэлтэд оруулах, боловсон хүчнийг сургах туршлагаас суралцах, хамтран
ажиллах боломж бий. Австрийн тал ч мөн туршлагаасаа хуваалцаж, ажиллахад бэлэн
байгаагаа илэрхийлж байгаа.
-Австричуудын ямар зан чанараас суралцах хэрэгтэй гэж та
хувь хүнийхээ хувьд боддог вэ?
-Австричууд бол нарийн төлөвлөж цаг баримталдаг, зохион
байгуулалттай, байгаль орчноо хайрлах ухамсартай, нийгмийн хариуцлагатай. Тэд түүх,
соёл, зан заншил уламжлалаараа бахархдаг, ардчиллын үзэл санааг гүн
төлөвшүүлсэн, олон ургалч үзлийг дэмждэг хүмүүс юм.
Манай хоёр улсын ард түмнийг байгаль, эх дэлхийгээ хайрлан
хамгаалах, үндсэрхэг үзэл нэгтгэдэг гэж хувь хүнийхээ хувьд боддог. Тиймээс бие
биесээ харилцан үлгэрлэн суралцах зүйл их байгаа болов уу.
-Австрид боловсрол эзэмшсэн монголчууд хоёр орны харилцаанд
хэр идэвхтэй оролцож байна гэж дүгнэдэг вэ?
-Австри Улсад өнгөрсөн оны байдлаар манай улсын 2658 иргэн
албан ёсоор ажиллаж, амьдарч байна. Тэдний 1005 нь Вена хотноо амьдардаг. Австри
Улсад аж төрж буй монголчуудын дунд хууль бусаар байгаа иргэд харьцангуй цөөн байдаг.
Түрүүн хэлсэнчлэн ойролцоогоор 500 орчим оюутан бий. Төрөл бүрийн салбарын
боловсон хүчин бэлтгэж байна. Засгийн газраас ч нарийн мэргэжлээр сургах
бодлогыг түлхүү баримталж байгаа учир Австрид дээд боловсрол эзэмшсэн иргэд
Монголынхоо ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулахад гар бие оролцоно гэдэгт
эргэлздэггүй.
Австрид сурч, ажиллаж, амьдарч буй иргэд маань нийгмийн
амьдралд идэвхтэй оролцож, эвлэлдэн нэгдэж эх орноо, монгол соёлоо таниулан
түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг.
Австри дахь монгол оюутнуудын “АМОХ” холбоо, Грац хот дахь
хүүхэд залуусын “Ундрам” холбоо, Линц хот дахь “Миний Монгол” холбоо, Шагайн
харвааны холбоо зэрэг ТББ-ууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, ЭСЯ-тайгаа тогтмол
хамтран ажилладагт талархалтай байдаг.