20 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаална
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСангийн яам энэ сарын 07-нд 20 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино болон урт хугацааны үнэт цаас арилжаалах болсон талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Зургаан сар буюу богино хугацааны үнэт цаас тус бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй бөгөөд 92 мянга 578 төгрөгийн хямдруулсан үнээр авах боломжтой аж. Нийт 100 мянган ширхэгийг борлуулах уг үнэт цаас нь 14.930 хувийн хүүтэй аж.
Харин 3 жилийн хугацаатай үнэт цаас нь 15.750 хувийн хүүтэй бөгөөд мөн л 100 мянган төгрөгөөр нэрлэсэн байна. 100 мянган ширхэгийг борлуулах урт хугацааны үнэт цаасны хүүгийн төлбөр хагас жил тутамд төлөгдөхөөр төлөвлөсөн байна.
Арилжаанд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалыг энэ сарын 07-ны 11.00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржид хүлээн авах аж.
Ч.Ариунболд