Эдийн засгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-12 16:29:16

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын санхүүгийн төвүүдтэй холбох, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээх, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр “Mongolia’s Capital Market Connectivity 2025” хурлыг зохион байгууллаа.


Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлийн ил тод, хүртээмжтэй, олон улстай уялдсан өсөлтийг дэмжих замаар эдийн засгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилготой юм. Хурлын үеэр Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, чиг хандлагыг танилцуулж, уул уурхайн олон улсын хөрөнгө оруулалт, хөрөнгө босгох стратеги, банк, санхүүжилтийн шинэ гарцууд, Ази, Европ, бүс нутгийн хөрөнгө оруулагчидтай хил дамнасан хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. Үүнд дэлхийн хөрөнгийн зах зээлийн 30 гаруй хувийг удирддаг Ази тивийн 20 гаруй улсын 100 гаруй мэргэжилтэн, Азийн үнэт цаасны форумын гишүүн холбоо, нэр хүндтэй хөрөнгийн бирж, үнэт цаасны компаниудын төлөөлөл оролцож байна.


Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц хурлыг нээж хэлэхдээ “Энэхүү үйл ажиллагааг өмнө нь зохион байгуулсан орнууд харилцан ойлголцол, түншлэлийн платформ болгож төлөвшүүлсэн. Улаанбаатарт зохион байгуулснаар Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, хөрөнгө оруулалтын боломжийг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад танилцуулах, олон улсын санхүүгийн хамтын нийгэмлэгтэй холбох бодлогын нэг хэсэг юм. Сүүлийн жилүүдэд бид зах зээлийн дэд бүтцийг бэхжүүлэх, зохицуулалтыг сайжруулах, ил тод байдал, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад ахиц дэвшил гаргасан. Үүнийгээ бататгаж, илүү уялдаа холбоо бий болгохын тулд харилцан итгэлцлийг бэхжүүлж, хил дамнасан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаанд шинэ гарцыг эрэлхийлэх шаардлагатай. Энэ үйл ажиллагаа нь мэдлэг туршлагаа хуваалцах төдийгүй, Монголын хөрөнгийн зах зээл, олон улсын санхүүгийн төвүүдийн хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулах чухал суурь болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв. 



Связанные новости