АСЕМ-ийг амжилттай зохион байгуулахад монгол хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-02 18:02:21

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “АСЕМ гэж юу вэ” сэдвээр 1000 гаруй иргэнд өчигдөр лекц уншсан. Уг лекцийг тоймлон хүргэж байна.

АСЕМ гэж юу вэ?

ASEM нь Asia-Europe meeting буюу Ази, Европийн уулзалт гэсэн үгний товчлол юм.  АСЕМ-ын Дээд түвшний анхны уулзалт 1996 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Бангкок хотноо зохиогдож байсан. Үүнтэй холбогдуулан жил бүрийн энэ өдрийг “АСЕМ-ын өдөр” болгон тэмдэглэхээр өнгөрсөн жил Люксембургт хуралдсан АСЕМ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаас тогтсон. Үүний дагуу Монгол Улс 3 дугаар сарын 1-нд “АСЕМ-ын өдөр”-ийг тэмдэглэж, олон нийтэд АСЕМ-ын түүх, алсын хараа, онцлог, хэтийн зорилго, хандлагын талаарх дэлгэрэнгүй ойлголт өгөх зорилгоор хэд хэдэн ажил зохиосны нэг нь энэхүү танилцуулга-лекц байв.

АСЕМ нь Дэлхийн шинэ хэв журамд Ази, Европын улс орнууд ямар үр оруулж болохыг судлах зорилгын үүднээс байгуулагдсан.

АСЕМ ямар бүтэцтэй вэ?

АСЕМ нь Европын 30, Азийн 21 улс, Европын холбоо, АСЕАН гэсэн хоёр олон улсын байгууллагаас бүрддэг. Дэлхийн нийт хүн амын 63 хувь нь АСЕМ-ийн гишүүн улс орнуудад амьдарч байна. Дэлхийн нийт эдийн засгийн 51 хувь нь АСЕМ-ийн гишүүн орнуудад ногдож байна. Ийм учраас АСЕМ-ийг улс төрийн олимп гэж нэрийддэг

АСЕМ-ийн хурал Европ тивд 5 удаа, Азид 5 удаа зохион байгуулагдсан. Хурал нь хоёр жилд нэг удаа гишүүн орнуудад ээлжлэн зохиогддог. Ингээд бодохоор ойрын 100 жилд манай улсад дахин зохиогдохгүй том арга хэмжээ болох юм.

АСЕМ ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

АСЕМ нэг хэв загварт баригддаггүй, олон төрөл, чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. АСЕМ-ийн гишүүн орнуудад дэлхийн хамгийн олон хүнтэй ч орон бий, том газар нутагтай орон ч бий. Гэхдээ бүгд нэг л төлөөлөл болж ордог. Тийм учраас АСЕМ-ийн үйл ажиллагаа уян хатан байдаг. Мөн Ерөнхийлөгчөөс эхлээд иргэн хүртэл бүх түвшний хамтын ажиллагаа идэвхтэй явуулдаг. АСЕМ нь албан бус бүтэцтэй учир АСЕМ-ийн хурлын үеэр аль ч улс орнуудын төлөөлөл, төрийн тэргүүд уулзаж ярилцах боломж олгодог.  

АСЕМ улс төрийн салбарт 14, эдийн засгийн салбарт 51, нийгэм соёлын салбарт 41 үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ хөдөө аж ахуй, эмэгтэйчүүд, хүүхэд, ногоон хөгжил, батлан хамгаалах, цөмийн аюулгүй байдал гээд бүхий л салбарыг хамарч үйл ажиллагаа явуулдаг.  

АСЕМ-ийг яагаад Монгол Улсад зохиох болсон бэ?

2008 онд Бээжин хотноо зохион байгуулсан АСЕМ-ийн уулзалтын үеэр Монгол Улсад гишүүнээр элссэн.  АСЕМ-ийг Монголд зохион байгуулахыг хэн ч албадаагүй. Энэ бол Монгол Улсын гадаад бодлого, нэр төр, бидэнд итгэх итгэл дэлхий дахинд хэр зэрэг өсч, АСЕМ-ыг зохион байгуулах жинд тэнцсэнийг харуулж буйн илэрхийлэл. Монгол Улсын “жин” АСЕМ зохион байгуулах шаардлагад нийцсэн гэсэн үг. АСЕМ бол монгол хүн бүрт улс орноо дэлхий дахинд эерэгээр сурталчлах, цаашлаад улс орны гадаад харилцаа, эдийн засаг, аялал жуулчлал  зэрэг олон салбарт маш том боломж, том хаалгыг нээж өгч байгаа түүхэн үйл явдал юм.

АСЕМ-аас ямар баримт бичиг гарах вэ?

Улаанбаатарт 7 дугаар сарын 15, 16-нд болох АСEМ-ын Дээд түвшний уулзалтаас “АСЕМ 20 жил, ирээдүйн түншлэл” сэдвийн хүрээнд “Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргана.

АСЕМ-ийн Бэлтгэл ажлыг алба болон Мэдээллийн төвтэй хэрхэн холбогдох вэ?

АСЕМ-ийн Бэлтгэл ажлын алба Гадаад хэргийн яаманд байрлаж байна. www.asem11.mn цахим хуудас болон ASEM Mongolia фейсбүүк хуудсаар тогтмол мэдээлэл хүргэж байгаа. АСЕМ-ийн Хэвлэл мэдээллийн төв МОНЦАМЭ агентлагт байрлаж байна.

АСЕМ-ийн дээд түвшний хурлыг зохион байгуулах нь Монгол Улсад ямар ашигтай вэ?

Дээд түвшний уулзалтыг угтсан бэлтгэл ажлын бүтээн байгуулалт Монголдоо үлдэнэ, хамгийн чухал нь бид олон улсын хэмжээний томоохон уулзалт, зөвлөгөөн, семинар зохион байгуулах чадамж, туршлага хуримтлуулж, дэд бүтэц, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ стандартыг сайжруулж авч байгаа нь томоохон дэвшил болно.

Үүнээс гадна Монголыг улам олон хүн, улс орон мэддэг, сонирхдог болно. Монголыг зорих жуулчид, Монголд хөрөнгө оруулах компаниуд, олон улсын байгууллагууд улам бүр нэмэгдэнэ. Мөн АСЕМ-ийг улсдаа зохион байгуулсан нь монгол хүн бүрийн нийтлэг ололт болно. Тиймээс иргэн бүр энэхүү хоёр тивийг холбосон, чухал ач холбогдолтой арга хэмжээг эх орондоо амжилттай зохион байгуулахад нэр төртэй,  хариуцлагатайгаар оролцож, улс орноо гэсэн нийтлэг ашиг сонирхол, нэгдмэл байр  суурьтайгаар хамтарч ажиллахыг Төрийн тэргүүн лекцийнхээ төгсөлд уриаллаа.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

    

Связанные новости