Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагуудыг шалгаруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын нэрэмжит “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааныг 8 дахь жилдээ улсын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулж шилдгүүдийг тодруулна.
Энэхүү уралдаан нь үйлдвэрлэлийн орчин нөхцлийг сайжруулж, ажилчдыг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажилллагаа, санаачилгыг урамшуулан дэмжих, туршлагыг нь дэлгэрүүлэх зорилготой юм.
Аж ахуйн нэгж байгууллагуудыг жижиг буюу 50 хүртэл ажилтантай, дунд буюу 51-199 ажилтантай, том буюу 200-аас дээш ажилтантай гэсэн 3 ангиллаар, ангилал тус бүрд 3 байгууллагыг шалгаруулж алдаршуулдаг байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөр болон ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, журам, холбогдох хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар 100 онооны системээр дүгнэх шалгуур үзүүлэлтийн дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг урьдчилсан шалгаруулалтыг хийж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэх юм.
Тус болзолт уралдаанд оролцсоноор үйлдвэр, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал дээшилхээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг нэрэмжит шагнал хүртэх, олон нийтэд байгууллага хамт олноо болон ХАБЭА-н ажлын талаар шинэлэг санаачилга, хийгдсэн ажлын дадлага туршлагаа олон нийтэд түгээн дэлгэрүүлэх,сурталчилах боломжтой юм.
Шалгаруулалтад оролцох байгууллагын материалыг ирэх 11 дүгээр сарын 15-ны дотор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газарт хүлээн авч байна.