Агаарын бохирдлоос эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаална
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах чиглэлд хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.
Тус хөтөлбөр нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг болон Баянхонгор аймагт энэ оны 4 дүгээр улирлаас эхлэн хэрэгжих юм. Улаанбаатар хотын агаарын бохирдол сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нэн тулгамдсан асуудал болоод байна. Агаарын бохирдол нь иргэдийн эрүүл мэндэд ихээхэн эрсдэл учруулдаг бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүд, сургуулийн өмнөх насны хүүхдийн эрүүл мэндэд илүү хүндээр түсдаг, учир нь тэд хамгийн эмзэг, өртөмтгий байдаг. Тиймээс эх, хүүхдийн эрүүл мэндэд учирч буй эрсдлийг бууруулах талаар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.
Швейцарийн хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч, Ерөнхий консул Габриелла Спирли хэлэхдээ, "Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх онц ноцтой хор уршгийн талаар ДЭМБ-аас гаргасан судалгаа дахин нотоллоо. Судалгаагаар дэлхийд жилд хагас сая хүүхэд агаарын бохирдлоос болж нас барж байгаа тоо гарсан. Тиймээс байгаль орчин, эрүүл мэндийн салбарынхан цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай. Швейцарийн хөгжлийн агентлаг болон НҮБ-ын Хүүхдийн сан бусад түнш байгууллагуудтай хамтран агаарын бохирдлоос үүдэх сөрөг нөлөөг бууруулахын тулд дэмжлэг үзүүлэн ажиллах болно. Монголын хүн ам, тэр дундаа хүүхэд багачууд жилийн турш цэвэр агаараар амьсгалж, эрүүл мэндийн чанартай сайн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэхийг бид зорьж ажиллана" гэв.
"Монгол Улсын Засгийн газар болон бусад
хөгжлийн байгууллагууд агаарын бохирдлын хэмжээг бууруүлах урт хугацааны, тогтвортой
гарц шийдэлд хөрөнгө оруулалт хийж байна. Гэвч үүнд цаг хугацаа шаардлагатай. Тиймээс бидний хамтран хэрэгжүүлэх энэ хөтөлбөрийн гол
зорилго нь хүүхэд, жирэмсэн эхчүүдийн өртөлтийг багасгах, эрүүл мэндийн
үйлчилгээг сайжруулах юм" гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин
төлөөлөгч Алекс Хайкенс хэлэв.
Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал ярихдаа, “Сүүлийн жилүүдэд нийслэл төдийгүй хөдөө орон нутаг, тэр дундаа хүн ам олноор суурьшдаг аймгийн төвүүдэд утааны асуудал хүндрэл учруулж байна. Салхигүй тогтуун үед аймгийн төвүүдэд Улаанбаатар хотоос дутахгүй утаа хуримтлагддаг. Энэ нь эх, хүүхэд, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Манай аймагт нийт 27,700 гаруй хүүхдийн 11 мянга нь буюу гурван хүүхэд тутмын нэг нь жил бүр амьсгалын замын өвчлөлөөр эмнэлэгт хандаж байна. Мөн амьсгалын замаар өвчилж эмнэлэгт үзүүлэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь санаа зовоох болсон. Нийт эмнэлэгт үзүүлж буй иргэдийн 40.9 хувь нь амьсгалын замын өвчлөлөөр хандсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Баянхонгор хотыг дулааны станцид холбох бэлтгэл ажил хангагдаж байна. Мөн аймаг, орон нутгаас дулаан гаргаж буй эх үүсвэр буюу гэр хорооллын уурын зуухны тоог багасгах хэрэгтэй. Утаа гаргадаг цэг бүр агаарын чанарт нөлөөлж байгаа. Тиймээс цахилгаан эрчим хүчээр дамжуулан гэр хорооллын гэр байшинг цахилгаан тениэр халааснаар утааг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой” гэв.
Хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэндийн талаарх тоо, баримт мэдээлэл цуглуулах, түгээх, судалгаа, дүн шинжилгээ хийх чадавхи сайжрах, эрсдлийг бууруулах арга хэмжээг газар дээр нь авсны үндсэн дээр сургуулийн өмнөх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд учрах эрүүл мэндийн эрсдэл буурах зэрэг үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа аж.