ЭМЯ: Томуу, томуу төст өвчний үед виферон лаа хэрэглэх шаардлагагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-19 15:26:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас өнөөдөр томуу, томуу төст өвчний үед хэрэглэдэг виферон лааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Томуугийн үед хүүхдийн дархлаа дэмжих зорилгоор шулуун гэдсээр хийж хэрэглэдэг энэхүү лаа нь хүүхдийн биед сөрөг нөлөөтэй эсэх талаар нийгэмд маргаан дэгдээд буй.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын дарга Ч.Алтанхуяг: ЭМД-ын сангаас хөнгөлөх эмийн жагсаалтыг баталдаг. Үүний дагуу 2016 оны 3 дугаар сарын 25-нд тухайн үеийн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр хөнгөлөлттэй эмийн жагсаалтад виферон лаа багтсан. Тухайн үед виферон лааг 80 хувиар хөнгөлөхөөр орсон. 2016 онд 1.9 тэрбум, 2017 онд 2 тэрбум орчим төгрөг, энэ хугацаанд  91 мянга гаруй иргэн энэхүү хөнгөлөлтийг эдэлсэн.Үүний 50-иас илүү хувийг хүүхэд эзэлж байна. 2018 оны 7 дугаар сарын 15-наас өнөөдрийг хүртэл 12 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. 2018 оны 7 дугаар сарын 15-наас виферон лааг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас хассан.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин: ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний үед эмчилгээний заавар удирдамжийг баримтлан ХӨСҮТ, ЭХЭМҮТ-ийн зөвлөмж авч ажилладаг. ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний стандартад интерферон альфа2 буюу виферон лааг хэрэглэх талаар зааварт ороогүй талаар албан ёсоор бичиг ирүүлж мэдэгдсэн. ЭХЭМҮТ-өөс 4-5  удаа вирусын томуугийн дэгдэлтийн үеийн эмчилгээний удирдамжийг баталж гаргасан. Хамгийн сүүлд гаргасан удирдамжид виферон хэмээх худалдааны нэршилтэй интерферон альфа бэлдмэлийг тодорхой  өвчин эмгэг, зарим халдварт өвчтэй хүнд эмчийн заалтаар хэрэглэж болох боловч замбараагүй хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй хэмээн зөвлөсөн. ЭХЭМҮТ-өөс гаргасан 5 дахь удаагийн шинэчилсэн зөвлөмжид виферон лааг хэрэглэхийг зөвлөөгүй. Тиймээс томуу, томуу төст өвчний үед виферон лааг хэрэглэхгүй.


ЭМЯ-ны  Бодлого төлөвлөлтийн газрын Эм, вакцин, био бэлдмэл бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Цэцэгээ: Энэ эмийн эмчилгээний идэвхи болон чанар, аюулгүй байдлын асуудал бол ЭМЯ-ны захиалгаар улсын эмнэлэгт боломжийн үнэтэй эмийн хангамж хүртээмжийг сайжруулах төсөл /2016-2018/-ийн хүрээнд үр нөлөө багатай эмийг ЭМД-ын сангаас хасах нь зүйтэй гэсэн.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Ш.Энхтөр: ЭХЭМҮТ-өөс албан ёсоор виферон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэх талаар зөвлөөгүй. ДЭМБ-аас бодитой судалгаа шинжилгээнд үндэслэн улс орнуудад зөвлөмж хүргэдэг. Түүнийг улс орнууд хэрэгжүүлэн ажилладаг. Өнөөдөр ДЭМБ-аас томуугийн эсрэг вирусын үед 4 эм бэлдмэлийг албан ёсоор хэрэглэхийг зөвлөсөн. Энэ 4-өөс Монгол Улсын эмийн жагсаалтад орсон Осельтамивир гэх эм бий. Үүнийг  хэрэглэх талаар эмчилгээний зөвлөмж удирдамжид оруулсан. Энэ эм маш үнэтэй учир цаашид хангамжийг нь хэрхэн сайжруулах асуудлаар ЭМЯ-тай ярилцсан. ДЭМБ-ын зөвлөмжид вифероныг хэрэглэх зөвлөмж байхгүй. Судалгаанаас харахад хүний биед үзүүлэх хор нөлөө байдаггүй юм гэхэд томуугийн эмчилгээнд үр дүнгүй гэдэг нь батлагдсан. Энэ л хамгийн чухал. Нотлогдоогүй зүйлийг эмчилгээ, үйлчилгээнд аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. 

ЭМЯ-ны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Мөнгөнцэцэг: Сүүлийн үед хүүхдийн томуу өвчний эмчилгээний заавар удирдамжид ороогүй виферон лаа  хэлбэрийн эмийн талаар мэдээлэл цацаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. ЭМЯ-наас хууль журмын хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийж, хариу ирүүлэх  талаар МХЕГ, ШӨХТГ, Эрүүл мэндийн хөгжлийн төвд албан бичиг хүргүүлээд байна. Үүний дагуу хэрэв хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэсэн хариу ирэх юм бол уг асуудлыг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад хандана.

ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд: 2015 оноос хойш эмийн сурталчилгааг явуулахгүй байх талаар ЭМЯ-наас тодорхой ажил хийж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай  хуулийг шинэчлэх талаар УИХ-д өргөн барих гэж байна. Учир нь өнөөдөр Монгол Улсад эмийн нэгдсэн хяналт зохицуулалт алдагдсан. Эмийн чанар, аюулгүй байдал, хүртээмж, хангалтын асуудалд  хяналт дутагдаж байна. Тиймээс бид энэ асуудлыг зохицуулсан нэг байгууллагатай болох асуудлыг тавьж хуулиа өргөн барина.

Мэдээллийн төгсгөлд ЭМЯ-наас вифeрон лааны эмчилгээ, чанар, аюулгүй байдлыг судлах ажлын хэсэг ажиллаж байгаа. Ойрын хугацаанд дүгнэлт гаргаж танилцуулна гэдгийг хэлсэн юм.

Связанные новости