Зүрхний төрөлхийн гажигтай 28 хүүхэд Бээжин хотыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2018-11-21 12:39:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сахиусан тэнгэрийн аялал- Монголд” төслийн хоёрдугаар ээлжийн эхний 28 хүүхэд  өнөөдөр /11.21/ Бээжин хотыг зорилоо.

Уг төслийг Монголын улаан загалмай нийгэмлэг болон БНХАУ-ын Улаан загалмайн сангийн хамтын ажиллагааны хүрээнд 100 төрөлхийн зүрхний гажигтай хүүхдийг хагалгаанд оруулж, эмчлэх сангаас хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүүхдүүдийг Чингис хаан нисэх онгоцны буудлаас гаргаж өгсөн бөгөөд мэс засалд орох хүүхэд болон эцэг, эхийн аль нэгний асран хамгаалагчийн онгоцны зардлыг “Эйр чайна компани”  50 хувь хөнгөлжээ. Энэ хүүхдүүдийн хамгийн бага нь 5 сартай, том нь Хэнтий аймгийн Борнуураас ирсэн 9 дүгээр ангийн охин байна. Бүгд л ямар нэгэн зовиуртай төрсөн цагаасаа л эмнэлгийн хяналтанд байдаг аж. Эдгээр хүүхдүүд хагалгааны зардлаа төлөх боломжгүй эсвэл хагалгаа хийх эрсдлийг даахад эргэлзээтэй өвчтөнүүд юм. 

Харин  Анжень эмнэлгийн зүрхний мэс заслын туршлагатай эмч нар өөрсдөө ирж үзлэг хийн хагалгаа хийлгээд эдгэх боломжтой гэсэн хүүхдүүдийг сонгожээ. Эмч  нараас  “хагалгаа амжилттай болно, бид сонгосон, хүүхэд чинь бүрэн эдгэрнэ” гэсэн хариу авсан эцэг, эхчүүдийн итгэлийн найдвар сэргэж, баяр хөөрөөр дүүрэн аян замдаа мордож буй нь энэ юм. Тэдний дотор 8 настай Х.Маралмаа, ээж Ц.Үрэлмаагийн хамт явж байгаа. Охин өнгөрсөн хугацаанд бүхий л сайн гэсэн эмч, эмнэлэгт үзүүлсэн. Гэвч зүрхний донор олохоос өөр эмчилгээ байхгүй гэсэн хариу өгдөг байв. Харин жилийн өмнөхөн Монголд ирсэн Энэхтхэг эмч нарт үзүүлэхэд донорын шаардлага байхгүй, хагалгаанд орох боломжтой гэсэн хариу өгчээ. Гэвч хагалгаа хийхэд эрсдэлтэй байж болзошгүй, охиноо өвчтэй ч гэсэн хараад явж байя гээд хагалгаа хийхийг урьтал болгоогүй гэнэ. Гэвч охины  амь нас дээсэн дөрөөн дээр буй учир санаа зовсон эцэг эх энэхүү төслийн үйл ажиллагааг сонсоод МУЗН-д ирж БНХАУ-ын эмч нарт үзүүлжээ.

Эмч нар охин чинь эдгэнэ, хагалгаа хийхэд асуудалгүй гэсэн итгэлтэй үгийг сонсоод ихэд баярлажээ.

Маралмаа охин: “Ээжээ би унтаад сэрээд л эв эрүүл болно” гэсэн үгийг сонссон  эхэд итгэл найдвар төрж, ийнхүү охиноо эрүүл саруул болгоод ирнэ гэсэн найдлагатайгаар Бээжин хотыг зорьж байна.

Связанные новости