Олон улсын эмэгтэйчүүдийн хурал Монгол Улсад болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2016-03-07 15:02:29

Соц-Интернийн олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурлыг Монгол Улсад анх удаа ирэх сарын  22-23-нд нд зохион байгуулах болсон талаар өнөөдөр Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ноос мэдээллээ. 

Тус холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүд 2015 оны 10 дугаар сарын 2-3-нд Франц хотын Марсел хотноо болсон Социнтерний Олон улсын эмэгтэйчүүдийн хуралд оролцжээ. Монголын төлөөлөгчид энэхүү хуралд оролцохдоо Соц-Интернийн Олон улсын эмэгтэйчүүдийн ээлжит хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Тус хуралд “Азийн эмэгтэйчүүд ба жендерийн эрх тэгш байдлыг хангах” сэдвийн дор “Эмэгтэйчүүд ба эдийн засаг”, “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба жендерийн тэгш байдал хүний эрх”, “Тогтвортой хөгжил-Ногоон хөгжил” зэрэг асуудлыг хоёр өдрийн турш хэлэлцэх юм.

НАМЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Н.Оюундарь хэлэхдээ, “НАМЭХ нь Монгол Улсад эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний нийгэмд эзлэх байр суурь, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг явуулдаг. Хурлын бэлтгэл ажлын хүрээнд НАМЭХ эдийн засаг, боловсрол, гэр бүл, эрүүл мэнд зэрэг сэдвээр олон нийтийн санаа бодлыг сонсч, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллана. Мөн  хурлаас Улаанбаатарын тунхаг бичиг гаргана” гэв.

НАМЭХ нь 1999 онд Соц-Иинтерний олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын ажиглагч гишүүнээр  элсч, 2003 онд Бразилийн Сан-Пауло хотноо болсон Соц-Интерний эмэгтэйчүүдийн байгууллагын их хуралд холбооны нэр бүхий 7 гишүүн оролцож,  тус хурлын шийдвэрээр жинхэнэ гишүүн болсон түүхтэй.  Тус байгууллага нь 139 орны улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, улс төрийн оролцоог дэмжсэн байгууллага юм. 

Хуралд дотоодын хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болон Азийн орнуудын зочид оролцох юм.

Ж.Болор

Связанные новости