Дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь интернэт хэрэглэдэг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-12-10 12:24:40

ЖЕНЕВ. /VOA/. Дэлхийн түүхэнд анх удаа нийт хүн амын талаас илүү хувь нь интернэт хэрэглэдэг болсон тухай Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас /ОУЦХБ/ гаргасан тайланд мэдээлжээ.


Уг шинэ тайланд тэмдэглэснээр, энэ оны эцэс гэхэд дэлхий даяархи интернэт хэрэглэгчдийн тоо нийт 3.9 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа ажээ. Судалгааны багийн эрдэмтэд сүүлийн үед дэлхий нийтийн түгээмэл хэрэглэх болсон мэдээлэл, холбооны технологийн хүртээмжийн талаар судалсан байна.


Интернэт хэрэглэгчдийн дийлэнхийг хөгжилтэй орнуудын хүн ам эзэлж байгаа бөгөөд тэдгээр орны иргэдийн 80 гаруй хувь нь интернэт хэрэглэх болсныг уг тайланд онцлон тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ хөгжиж буй орнуудын хүн амын интернэт хэрэглээ аажмаар нэмэгдсээр байгаа бөгөөд 2005 онд 7.7 байсан үзүүлэлт энэ онд 45.3 хувьд хүрчээ.


Мөн Африкийн хүн ам ихээхэн өсөлтийг үзүүлсэн ба тэдний интернэт хэрэглээ 2005 онд дөнгөж хоёр хувь байсан бол 2018 онд 25 орчим хувьд хүрсэн байна.


ОУЦХБ-ын шинэ тайланд интернэт хэрэглээний талаархи тоо баримтаас гадна мэдээлэл холбооны үндсэн үйлчилгээг гар утсаар дамжуулах авах талаархи статистик мэдээг олон нийтэд танилцуулжээ.


“Нийт хүн амын 96 хувь нь гар утас ашигладаг гэж үзэхэд тэдгээрийн гар утасны 90 хувь нь “3G сүлжээ нэвтэрсэн байна. Энэ нь дэлхийн хүн амын 51 хувь нь интернэт хэрэглэдэг болсон гол шалтгаануудын нэг юм” гэж ОУЦХБ-ын Статистикийн ахлах мэргэжилтэн Эсперанза Магпантай мэдээлжээ.


“Дэлхийн хүн амын гар утасны хэрэглээ хурдацтай өсч байгаа бөгөөд үүнийг дагаад интернэт хэрэглэгчдийн тоо ч цаашид улам нэмэгдэх хандлагатай байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. 

Связанные новости