Ногоон хотоор зорчсон тэмдэглэл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-12-30 11:30:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хэдийдээ хэн нь тариад, хэрхэн яаж усалж арчлан энэ их мод бутыг тариа бол гэх бодол толгойд эргэлдэнэ. Зун бол нэл ногоон тал л харагдах нь ээ хэмээн дотроо төсөөлж, бахархах атаархах зэрэгцэн явахуйд зам хурдан хорсон байлаа. Зулзган модод, шинэхэн суулгацууд, өсгөлүүн өндөр модод лавтай 300 километр үргэлжилсэн. Мод бутгүй хэсэг газар байвал элдэв хөшөө баримал /Монгол баатар, тэмээ, морьд, динозавр зонхилно/ байх агаад хаа нэг шавар байшин, жижиг мухлаг, цөөвтөр тэмээ, хонь бэлчиж харагдах аж.

Эрээнээс Хөх хотыг зорьсон автобусны цонхоор харагдах дүр ийм. Бидний хэсэг нөхөд Хөх хотын консулын урилгаар Орон нутгийн сэтгүүлчдийн туршлага судлах аяллын багт багтан ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотыг зорьж яваа нь энэ л дээ.

Улаанбаатар-Замын-Үүд, Замын-Үүд-Эрээн, Эрээн-Хөх хот гэх маршрутыг сонгосон бид галт тэрэг, такси, автобус зэргийг дамжин явсаар Улаанбаатараас гарсан цагаасаа даруй 24 цагийн дараа зорьсон газраа очсон юм.

ӨМӨЗО болон Хөх хотын талаар цөөн үгээр

ӨМӨЗО нь БНХАУ-ын умард хэсэгт, зүүнээс баруун тийш 2400 гаруй км, урдаас хойд зүгт 1700 гаруй км, нийт нутаг дэвсгэр 1.183 мянган кв.км талбайтай, Хятадын эх газрын нийт нутаг дэвсгэрийн наймны нэг хувийг эзэлдэг байна. Өөртөө Засах Орны төв нь Хөх хот бөгөөд Бугат, Хөлөнбуйр, Түнляо, Улаанхад, Улаанцав, Ордос, Баяннуур, Үхай гэсэн хотууд, Хянган, Шилийн гол, Алшаа гэсэн гурван аймагтай.

    ӨМӨЗО-нд Монгол, Хятад, Манж, Хотон, Дагуур, Эвэнк, Орцон, Солонгос, Шивээ, Түжя, Дүншян, Мяо зэрэг 55 үндэстэн ястан амьдардаг ба нийт хүн ам ойролцоогоор 25 сая юм байна. Нийт хүн амын 17.1 хувь буюу 4.5 сая орчим нь Монгол гарал угсаатай гэж байна.

Хөх хот нь Монголын уулархаг эх газрын цаг агаарт хамаардаг. Дөрвөн улирлаа даган цаг уур нь солигддог. Зундаа аагим халуун биш, өвөлдөө тэсгэм хүйтэн биш, жилийн дундаж агаарын темпратур нь целсийн найм орчим градус.

    Соёлын баялаг уламжлалтай Хөх хот түүхэн дурсгалт газрууд болон сүм хийдээрээ алдартай бөгөөд Өвөр Монгол дахь жуулчдын цуваа тасрахгүй газруудын нэг юм. Хятад улсын аялал жуулчлалын болоод эдийн засгийн хүчирхэг хотуудын нэг болох Хөх хот нь нийт 17224 м2 талбайтай. Хятад улсыг Монгол, ОХУ-тай холбох хөгжлийн төв хот бөгөөд зүүн бүсийн газар нутгийг баруун хойд, умардтай холбох гүүр нь болохын зэрэгцээгээр Хятад улсын хойд хэсгийн голлох агаарын зангилаа нь юм.

Дэлхийн топ наймд орох сүүний үйлдвэртэй танилцлаа

Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ Баянхонгор аймгийн уугуул агаад нутгийнхаа сэтгүүлчдийг Туршлага судлах, танилцах аялалд урьсан нь энэ юм. Тэрээр аяллын хоёр дахь өдөр биднийг Консулын газарт хүлээн авч уулзаад, “Та бүхэн Хятад улс, ӨМӨЗО-ны хөгжил цэцэглэлттэй танилцахын сацуу туршлага болохуйц зүйлсийг сайтар сурвалжлахыг хичээгээрэй” хэмээн захисан.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд найрсаг харилцаа хөгжүүлэх, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн харилцаа, аялал жуулчлалыг өргөтгөх, Хөх хотод ажиллаж, амьдарч буй  монгол иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, консул, нотариат, иргэний бүртгэлийн чанартай үйлчилгээг Ерөнхий консулын газар хариуцан ажиллаж байна. Ийнхүү консулын газраас гараад бид Хятадын хамгийн том сүүний үйлдвэр болох “И Ли”, хэмээх дотоод, гадаадад алдартай сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцлаа.

Үйлдвэрлэлийн үе шат бүрийг ил тод харуулах байдлаар зохиомжилсон барилгад И Ли сүүний үйлдвэр ажиллаж байна. Манай улсын Сүү ХХК-тай насаараа чацуу И Ли групп дэлхийн стандартанд нийцсэн техник технологитой, бүрэн автоматжсан орчин үеийн үйлдвэр юм.

И Ли нь Канадаас сүүний чиглэлийн алаг үнээг авч нутагшуулсан бөгөөд өдөртөө нэг үнээнээс 32-38 литр, жилдээ 9-12 тонн сүү авдаг байна. 100 шахам үнээг тойрог хэлбэрээр зогсоон 10-15 минутын дотор саадаг тухай ажилтан нь тайлбарлахад “эрүү мултрах шахсан”. Үнэндээ ч үйлдвэртэй танилцаад явж байхад цөөн хэдэн ажилтан харагдсан бөгөөд гайхан асуутал, “Үйлдвэр 60 орчим ажилтантай. Ихэнх ажлыг робот машины тусламжтайгаар хийдэг. Нэг машин 50-100 орчим хүний хийх ажлыг хийдэг болохоор ажлын бүтээмж өндөр” хэмээн тайлбарласан.

Тус үйлдвэр сүү, хуурай сүү, сүүн ундаа, зайрмаг зэрэг 1000 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Хятадын 600 муж, хотод түгээдэг. Хятадыг төдийгүй Зүүн Азийг сүүн бүтээгдэхүүнээр хангадаг байна. Бүтээгдэхүүн нь ямар ч химийн орц найрлагагүй бөгөөд хөргөгчинд хийлгүйгээр байлгасан ч зургаан сарын дотор чанараа алддаггүйгээрээ онцлог аж.

    И Ли групп нь дэлхийн сүүн бүтээгдэхүүний салбарт тэргүүлэх байр суурийг эзэлдэг бөгөөд Азийн сүүн бүтээгдэхүүний салбарт нэгдүгээрт бичигддэг  байна. Өдөр бүр 100 гаруй сая бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг бөгөөд жил бүр 1.1 тэрбум хятадын хэрэглэгч И Ли-ийн амттай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Улирагч онд л гэхэд нийт үйл ажиллагааны орлогын хэмжээ 68.085 тэрбум юаньд хүрчээ.

    И Ли нь Хятадын хамгийн том, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг групп бөгөөд 2008 оны Бээжингийн олимпийн наадамд үйлчилсэн Хятад дахь цорын ганц сүүний компани юм. Мөн Дэлхийн Экспо стандартыг хангаж, 2010 оны Шанхайн дэлхийн экспо үйлчилгээнд үйлчилжээ. И Ли нь Чанарын хяналтын стандартыг дэлхийн хүнсний үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд суулгаж, хүнсний аюулгүй байдлыг хангаж баталгаажуулсанаараа мөн онцлог.

Үүний зэрэгцээ И Ли нь бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг хянах програмүнээний үржил, бойжилт, сүү саах, тээвэрлэлт, бүтээгдэхүүн боловсруулалт, савлалтын үйл явцыг бүрэн хянах, түүнийг хадгалах томоохон архивтай юм байна. Эрүүл, аюулгүй байдлыг ийн сахидаг аж. 

Гудамж нь эл хуль, яагаал гэвэл Ажлын цаг нь

Одоогийн байдлаар Хөх хот 2.6 сая хүн амтай, 500-600 мянга нь Өвөр монгол үндэстэн. Тухайн хот хоёр саяас дээш хүн амтай байх тохиолдолд метро тавих шалгууртай бөгөөд метро тавих ажил нь аль хэдийн эхэлжээ.

Хөх хот ногоон байгууламж ихтэй /өөр шийдлүүд бий байх/ учир агаар нь цэнгэг, нүхэн болон гүүрэн гарц элбэг учир автомашины түгжрэлгүй юм. 2.6 сая хүнтэй хот гэх мөртөө гудамжаар нь бараг хүн холхихгүй, эл хуль шахам. Тодруултал, хариулт нь тун товч байлаа. “Ажлын цаг нь шүү дээ”. Үгүй нээрээ довны сэтгэлгээ байсаар л байж шүү. “Түм түжигнэж, бум бужигнасан” Улаанбаатар хотынхоо дүр төрхтэй л ижилтгээд байж. Ер нь манай хотоос юм юм нь өөр аж.

    Ямар ч том худалдааны төв, байшин барилгынх нь хаяг зөвхөн Хятад, цөөн тохиолдолд Монгол бичигтэй байх ба манайх шиг Палас, Департмент, Молл, Центр зэрэг үгс ер харагдсангүй. Олон сая жуулчдыг татдаг, их хөлийн газар атлаа дэлхийн хэлийг нэр хаягандаа бүү хэл хүмүүс нь ч хэрэглэхгүй нь бас л сонин. Орж гарсан газар болгон зөвхөн Хятад хэлээр л ярихаас биш монгол хэлтэй, эсвэл англи хэлтэй нэг ч хүнтэй таараагүй нь их л төвөгтэй. Асууж тодруулах, харилцан ойлголцож худалдаа наймаа хийх зэрэгт ёстой эв нь олдохгүй юм билээ. Уг нь бидэнд Хөх хотод сурдаг оюутан охиныг хэлмэрчээр ажиллуулж өгсөн ч, хүн бүрт хүрч энэ нь ийм, тэр нь тэгэж байна гэж хэлж завдахгүй учрыг нь ойлгох тул ийн “харанхуй” явсан хэрэг.

Орон сууцны хорооллууд нь маш цэгцтэй, өндөр өндөр байх ч цөөхөн орцтой нарийхан байх нь бас л содон шийдэл. Оршин суугчдын тав тухыг хангах үүднээс аль аль талаас нар үзэх байдлыг нь бодолцож ийн шийддэг аж. Орон сууцны хороолол, барилга байшин барих зөвшөөрөл авахдаа ч хотын Ерөнхий төлөвлөгөөний дагуу, энэ газрын энэ хэсэгт нь ийм ногоон байгууламж, ийм амрах талбай, ийм үйлчилгээний газар байх тул энэ зайд зөвшөөрөл олгож болно гэх нарийн зураг төслийн дагуу ажлаа эхлүүлдэг гэнэ.

    Түүнээс гадна Хөх хотод бэлэн мөнгийг хэрэглээнээс бараг л хасчихжээ. Таксинд суусан ч, дэлгүүрт орсон ч, төлбөр хийсэн ч КюАр /QR/ код уншуулаад л асуудлыг шийдчихдэг аж. Хятад чигээрээ ийм системд шилжсэн гэнэ. Цахим мөнгө буюу дээрх үйлчилгээ нь, бэлэн мөнгөө хаяж гээх, суулиулах зэрэг эрсдлээс сэргийлэх бөгөөд маш хялбар. Гар утас байхад л харилцаа холбоо, төлбөрийн асуудал хоромхон зуурт л шийдэгдэнэ. Суулиулах гэснээс, хулгай дээрэм төдийлөн гардаггүй газар болохыг нь учир мэдэх хүнээс сонссон. Үүнийг нь ч батлах мэт үйл явдал болоод амжсан шүү нээрээ.

Бүх үзвэрийг 3хэмжээсээр харах боломжийг нээжээ

    Аяллын Баг Хөх хотын Шинжлэх ухаан, техникийн, Угсаатны зүйн болон Амьтны музейг үзэж сонирхсон юм. Асар шинэлэг шийдэл бүхий дөрвөн том байгууламжинд дээрх музейнууд байрлана. Жуулчдаас гадна музейг бага насны хүүхдээ дагуулсан Хятад иргэд нэлээд үзэж яваа нь харагдсан. Үзмэр нэг бүр дээр төвлөрч, ийм тийм гэж тайлбарлаж байгаа болов уу гэх хөдөлгөөн ажиглагдах бөгөөд хүүхдүүдээ багаас нь ийн нээдэг аж.

Мөн бүх үзмэрүүд тусгай дэлгэцэн дээр 3D байдлаар орсон байх бөгөөд тухайн үзмэр ардаасаа, дээрээсээ, доороосоо, хажуугаасаа хэрхэн харагддаг талаар болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь тус дэлгэцнээс харж болдог байна.

    Бидний хэдэн нөхөд бол цагийн давчуугаас шалтгаалан шүргээд, шүргээд л өнгөрсөн нь тоогүй байлаа. Музей хаах хүртэл хоёр цаг орчмын хугацаа байсан болохоор тийн шуурсан хэрэг. Тэгэж яаруу яван гарч ирсэн хойноо хэлмэрч охин маань зөөврийн цэнэглэгч /повербанк/-ээ музейд гээснээ гэнэт анзаарч, эргэж яваад олоод ирье гэв. Энэ том байгууламжын хаана нь гээсэн гэж, хэрхэн олно гэж эргэж явж цаг үрдэг байна хэмээн бодож, гээсэн нь зүйл нь эзнээ олчихсон л байгаа даа гэх зүйлсийг яриад хоцров. Төд удалгүй амьсгаадсаар гүйж ирэхдээ хаясан зүйлээ барьчихсан ирдэг байгаа. Яаж ийм хурдан олдог байна аа гэвэл,

Эргээд очиход нь Музей бараг л хаалгаа барьж байж. Зөөврийн цэнэглэгчээ гээсэн талаараа хэлбэл ажлын цаг дууссан учир, маргааш өглөө ирээд аваарай гэж л дээ. Монголын жуулчидтай яваа, тун хэрэгтэй байгаа учир одоо хайгаад олчихмоор байна хэмээн учирлаж. Тэгтэл богино холбооны станцаар бүх ажилчид үүдэндээ цуглаад, гээсэн зүйлийг даруй эрж олох даалгавар авмагцаа, бидний явсан газруудаар ажилчид нь тарж хайсан гэнэ. Таван минут болоогүй байхад л Энэ таных мөн үү гээд л бариад ирж. Хэлмэрч охин хэлэхдээ, Тус хотод таван жил сурахдаа хулгайн гэмт хэргийн талаар ер сонсоогүй гэсэн. Энд тэнд утас, түрийвч, эд зүйлсээ гээлээ гэхэд хэд хоносны дараа ч тэндээ байж байдаг тухай ярьсан.

Хөх хоттой танилцах аялал маань олон хоног биш ч, чамлахааргүй зүйлийг үзэж харсан, олон шинийг мэдэрсэн сайхан аялал болсон юм. Аяллын сүүлийн өдөр өглөө эртлэн босч, зочид буудлын үүднээс хот хоорондын автобусанд суув. Харин тэр өглөө л Хөх хотыг хэчнээн хөл хөдөлгөөнтэй, хүрэх газартаа яарсан олон хүний чимээ шуугиантай хот болохыг анзаарав. Автобусны буудал бүрт хэдэн арав, зуугаараа зогсох бөгөөд цэцэрлэгт хүрээлэн бүрт хөгжим хангинаж, хүмүүс бужигнана. Өглөө эрт юун дуу хөгжим, хөл хөдөлгөөн болж байгааг гайхан явахад таван ч тийм цэцэрлэг таарсанд жолоочоос учрыг лавлахад, Хөх хотын дийлэнх иргэд өдөр бүр, өглөө эртлэн босоод ойролцоох цэцэрлэгт хүрээлэндээ цуглаж, дасгал хөдөлгөөн, бүжиг танц хийдэг гэж байна. Аль ч цэцэрлэгт хүрээлэн ийм зүйл зохион байгуулах боломж бүхий талбайтай байх ба хэн ч тус арга хэмжээнд оролцох боломжтой аж. Иргэн өөрөө хүсвэл сард 50 юаниас ихгүй мөнгийг бүжгийн багшдаа өгч болох ч, төлбөр төл гэж хэн ч шаарддаггүй гэж байна.

...Хэдийдээ моддыг гялгар уутаар хучих санаа гаргаад, хэн нь ингэж битүүлээ бол гэх бодол толгойд эргэлдэнэ. Уутны гадуур хуруу дарам зузаан тоос шороо, хөө тортог наалдсан байхаас ажвал бидний амьсгалах агаар ийм л байх аж. Хөх хотоос Улаанбаатар хотдоо ирээд явж байгаа нь энэ л дээ.

Связанные новости