С.Эрдэнэ: 2030 он гэхэд тэтгэврийн сангийн хуримтлал 8-9 их наяд төгрөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-10 14:10:14

"Сайдын цаг" ээлжит уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, ипотекийн зээл тойрсон асуудлаар мэдээлэл хийлээ.

Сайд С.Эрдэнэ мэдээллийнхээ эхэнд, "Ипотекийн зээл хэрэгжсэн гурван жилийн хугацаанд 77 мянган өрх орон сууцанд орж, ингэснээр агаарын бохирдлоос гадна олон эерэг өөрчлөлтүүдийг нийгэмд авчирсан" болохыг онцоллоо. Салбарын сайд цааш хэлэхдээ, “Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн даатгалын санд төвлөрөх ёстой 10 гаруй их наяд төгрөгийн төлбөрийн 30 орчим хувь буюу 3 их наяд төгрөгийн төлбөрийг Тэтгэврийн даатгалын санд өнгөрсөн долоо хоногт шилжүүллээ. Ингэснээр 20 гаруй жилийн туршид бодит мөнгөн хуримтлал бий болж чадаагүй нийгмийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын санд албан ёсоор мөнгө байршлаа гэсэн үг.  Энэ сангийн мөнгөн хуримтлал зөвхөн ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлээд зогсохгүй өөр бусад улс оронд ашигтай томоохон хөтөлбөрүүдэд зарцуулагдана” гэв. Сайдын мэдээлэлтэй холбогдуулж сэтгүүлчид зарим асуудлыг тодруулсан юм.

-Ипотекийн зээлийн хүүг 5 хувь руу оруулсан нь эрсдэлтэй хэмээн зарим судлаачид шүүмжилж байгаа. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Өмнөх онуудтай харьцуулахад өнөөдөр инфляци 2 хувьтай байна. Энэ нь бодлогын хүүг бууруулах тааламжтай орчинг бий болгож байна. Мөн гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх хандлага байна.  Тиймээс тэрхүү шууд хөрөнгө оруулалт хараахан орж ирээгүй, улсын гүйцэтгэл 100 хувь гарч амжаагүй байгаа энэ үед 8 хувийг 5 руу шилжүүлэхдээ үе шаттай байхаар зохион байгуулалтыг хийлээ. Эхний удаад алслагдсан дүүрэг, 21 аймагт баригдсан орон сууцны хөтөлбөрийг хамруулахаар тусгасан.

Монголбанк, Сангийн яам, салбар яам, холбогдох мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж үзсэн. Ингээд “Хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих бүрэн боломжтой” гэж үзсэн учраас хамтарсан шийдвэр гаргаад дөнгөж сая Монголбанкны Ерөнхийлөгч, Засгийн газрыг төлөөлж миний бие, мөн арилжааны банкуудтай ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

-Нийслэлийн төвийн зургаан дүүрэг хэзээ таван хувь руу шилжих вэ?

-Улсын төсвийн гүйцэтгэл 100 хувь гараад, Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирээд, хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр шийдэгдвэл төвийн дүүргүүд таван хувь руу шилжинэ. Энэ онд багтааж шийдэх зорилт тавьж байна.

-Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн ашгийн тооцоолол яаж гарсан бэ?

-Одоогоор бүрдээд байгаа хуримтлал 1,8 их наяд орчим төгрөг байна. Цаашид ипотекийн зээл авч байгаа иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр үр өгөөж нь нэмэгдэнэ. Хоёрдугаарт, жилдээ 250-300 тэрбум төгрөгийн хүүгийн орлого орж ирэх төлөвлөгөөтэй байна. Энэ нь тэтгэврийн даатгалын санд бодит орлого болно. Ер нь 2030 он гэхэд Тэтгэврийн даатгалын нөөц сангийн хуримтлал 8-9 их наяд орчим болно гэж тооцоолж байна.

-Тэтгэврийн даатгалын сангийн үлдэгдэл одоогоор ямар байдалтай байна вэ?

-Нийгмийн даатгалын 5 төрлийн сан байдаг. Эрүүл мэндийн даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сан, үйлдвэрлэлийн ослын даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан, тэтгэврийн даатгалын сан гэсэн сан байдаг. Өнөөдөр огт үлдэгдэлгүй сан бол Тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан юм. Ямар ч хуримтлал үүсгэх боломж байдаггүй. Яагаад гэвэл өнөөдөр шимтгэл төлж байгаа иргэний шимтгэлээр тэтгэвэр олгодог. Өөрөөр хэлбэл өнөөдөр шимтгэл төлж иргэдийн шимтгэлээр тэтгэвэр тавьж байна. Нөгөө нэг хэсэг нь төсвөөс шууд тэтгэврийг нь хариуцдаг. Мөнгөн дүнгээр бол сардаа 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр олгож байна. Жилээр нь авч үзвэл 1,4-1,6 их наяд төгрөгийн тэтгэвэр олгодог. Ийм байхад тус санг бүрдүүлнэ гэдэг амаргүй. Нийгмийн даатгалын байгууллага өнгөрсөн онд 1,4 их наяд төгрөгийн орлого бүрдүүлж, 1,6 их наяд төгрөгийн зарлага гаргасан. Үүний зөрүүг төсвөөс олгож байгаа. Гэтэл иргэд тэтгэврийн даатгалын сан асар их мөнгө хуримтлагдаад, тэр нь арилжааны банкинд хадгалагдаж байдаг юм шиг ойлгоод байдаг.

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах уу?

-Тэтгэврийн зээлийг нийгмийн хамгааллын салбартай холбох шаардлагагүй. Энэ бол манайд хамааралгүй асуудал. Хувь хүн өөрөө тэтгэврээ барьцаалаад, арилжааны банкнаас зээл авч байгаа асуудал юм. Ер нь энэ бол сайн зээл биш. Бусад улс оронд энэ зээлийг хар зээл гэдэг. Тэтгэврийг эрсдэлд орсон хүмүүст өгч байгаа тэтгэмж юм. Гэтэл энэ тэтгэмжээ барьцаалаад зээл авахаар эрсдэлд орно. Тиймээс тэтгэврийн зээлийг төрөөс дэмжээд байх зөв бодлого биш. Нөгөө талдаа тэтгэврийн зээлийг зохицуулсан хуультай болох ёстой. Энэ хуулийн төсөл дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Зарим тохиолдолд тэтгэврийн зээл хүчирхийллийн асуудал болж хувирч байгаа жишээ байна. Учир нь тэтгэврийн зээл аваад юунд зарцуулж байгаа талаар судалгаа хийж үзсэн. Зээл авсан ахмадын 70 гаруй хувь нь өөртөө огт хамааралгүй зүйлд зарцуулдаг. Жишээ нь машин, байшин, сургалтын төлбөр гэх мэт зүйлд зарцуулсан судалгаа байдаг. Энэ асуудлыг хуульчилж өгөх ёстой. Хоёрдугаарт арилжааны банкууд тэтгэврийн зээл олгохдоо шууд хүүгээ урьдчилаад авдаг. Энэ нь зээл авч байгаа иргэдэд хохиролтой. Тиймээс тэтгэврийн зээлийг хуульчилж өгөхгүй бол эрсдэл үүсэх магадлалтай.    

-Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө хэвийн олгогдож байгаа юу?

-Хүүхдийн мөнгийг цаг хугацаанд нь олгож байна. Халамжийн сангийн тухайд одонтой ээжүүдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, ахмадын тэтгэвэр, нийтийн тээврийн зардал багтдаг. Эдгээрийг хэвийн олгож байна. Бусад халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа төсөв бол аймаг нийслэлийн Засаг даргын багцад байдаг учир орон нутгийн эх үүсвэрээс бүрддэг.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Связанные новости