Улз голын урсацыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-01-04 11:12:27

Дорнод /МОНЦАМЭ/. Улз голын урсацыг нэмэгдүүлэх төслийг энэ онд хэрэгжүүлнэ.  Энэ ажилд 2.5 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулах бөгөөд энэ онд 1.1 тэрбум төгрөгийн ажил хийгдэх бол 2020 онд үлдсэн 1.4 тэрбум төгрөгийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.  

Улз гол нь Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт орших Их, Бага бүрд хэмээх булгаас эх авч, улсын хил дагуу Хэнтийн Норовлин, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот сумдын нутгаар дайран урсдаг. Эхнээсээ адаг хүртэл 510 км үргэлжилдгээс 90 гаруй хувь нь манай нутагт хамаардаг. Ийнхүү урт холын замд нь Улзын голд Дөч, Түргэн, Бэрх, Хуурай хөндий, Ар булаг, Хархираа, Ажнай зэрэг олон гол цутгаж урсгалыг нь сэлбэдэг байжээ. Харин эдгээр нарийн голууд ширгэж үгүй болсноор сүүлийн жилүүдэд Улз гол зарим хэсгээрээ тасарч ширгэхэд хүрээд байна. Тиймээс урсацыг нэмэгдүүлэхийн тулд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэхүү төслийг санаачилжээ.

Эхний ээлжинд ТЭЗҮ-ийг нарийвчлан тооцоолсноор ажлыг эхлүүлэх юм. Хоёр аймгийн таван сумын нутгийг дайран өнгөрдөг Улзын сав нутагт 15 мянган иргэн аж төрдөг гэсэн судалгаа бий. Энэ хэрээр олон малчин, тариаланч ард иргэдийн амьдрал ахуйтай салшгүй холбоотой Улз голын урсацыг нэмэгдүүлэх ажлыг цаг алдалгүй эхлүүлэх нь зүйтэй гэж нутгийн иргэд үзэж байна.    

Дашрамд сонирхуулахад, Улз голын сав газар 38 мянган ам.дөрвөлжин.км талбайтай. Энэ бол Ливан, Катар, Кувейтын нутгийг нийлүүлсэнтэй тэнцэх, эсвэл 54 Сингапур багтах уудам нутаг юм. 

Связанные новости