Орон нутгийн эмч нар Японд суралцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсад нэг сарын
хугацаанд мэргэжил дээшлүүлэх, найман эмчийг Эрүүл
мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр хүлээн авч уулзлаа. ЭМЯ-наас энэ онд гадаадад сургах мэргэжилтнүүдийн эхний ээлжийн эдгээр эмч эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр сурах юм.
ЭМЯ-наас өнгөрсөн онд эмч, мэргэжилтнүүдийн сургалт, боловсролд зарцуулахаар 2.8 тэрбум төгрөг төсөвт суулгаснаар 95 эмч, мэргэжилтнийг өндөр хөгжилтэй оронд сургажээ. Үүний үр дүнд эх орондоо эмчилдэггүй байсан 39 өвчний тоог 25 болгож бууруулсан байна. Мөн Япон улсын “Жайка” олон улсын байгууллагатай хамтран 2017-2021 онд хэрэгжүүлэх төслийн хүрээнд, өнгөрсөн онд Говь-Алтай, Өвөрхангай аймгийн 35 сумын эмч, мэргэжилтнийг Япон улсад эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр сургажээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Эрүүл мэндийн
салбар өнгөрсөн онд таван зорилт тавьж ажилласнаас 90 гаруй хувь нь биелсэн. Үүний нэг нь эрүүл мэндийн салбарын ажилтнуудын мэдлэг,
боловсролыг дээшлүүлэх зорилт байлаа. Сүүлийн жилүүдэд төр засаг
эрүүл мэндийн ажилтнуудынхаа чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, улсын
төсөвт зөвхөн сургалтад зориулж мөнгө суулгадаг болсон. 2019 онд гадаадад
эмчлүүлдэг олон өвчнийг эх орондоо эмчилдэг болсон. Анагаахын шинжлэх ухаан
зогсолтгүй хөгжиж байдаг тул хөл нийлүүлж алхахгүй бол хоцрогддог
онцлогтой салбар. Тиймээс эрүүл мэндийн салбарын
ажилтнуудын сургалт тасралтгүй явагдах ёстой байдаг” хэмээн онцлов.
ЭМЯ-наас 2018 онд Улсын төсвийн санхүүжилтээр 95, төсөл
хөтөлбөрийн шугамаар 85 эмчийг Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг оронд
сургажээ.