Аймгууд 6 дугаар сарын 1-ний дотор Төрийн нэгдсэн үйлчилгээнд шилжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-03-11 17:18:05

Аймгуудын төвд нэг цэгийн үйлчилгээ нээхтэй холбогдуулж өнөөдөр "Дүнжингарав" худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд ЗГХЭГ-аас 21 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Хуралд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболд болон нийслэлийн удирдлагууд оролцов.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхээр нийслэлийн ИТХ, нийслэлийн ЗДТГ-аас хотын хэмжээний 27 байгууллагын 245 төрлийн үйлчилгээ үзүүлэх Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг “Дүнжингарав” худалдааны төвд байгуулан энэ оны нэгдүгээр сараас ажиллуулж буй. Иймд энэхүү туршлагыг үндэслэн орон нутагт энэ оны зургадугаар сарын 1-ний дотор уг үйлчилгээг эхлүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн.

Хурлын эхэнд нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун тус төвийн талаар танилцуулга хийсний зэрэгцээ холбогдох албаныхан төвийн үйл ажиллагааг дэлгэцээр харуулж, зохион байгуулалтын талаар тодорхой мэдээллийг давхар өглөө. Үүний дараа Дорноговь, Хөвсгөл аймгаас уг төвийг орон нутагт хэрхэн байгуулах, тэр дундаа босоо удирдлагатай байгууллагуудын үйлчилгээг хэрхэн төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа зэрэг асуудлыг тодруулсан бол Хэнтий аймаг ирэх сарын нэгнээс заасан худалдааны төвд нэг цэгийн үйлчилгээг байгуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Хэнтий аймгийн санаачилгыг сайшаагаад яам агентлагуудын дарга, албан хаагчдыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвтэй танилцуулах, нэгдсэн стандартад оруулах, төрийн байгууллагуудын мэдээллийн баазыг хооронд нь холбох, IT чиглэлийн ижил төрлийн системийг ажиллуулах зэрэг зохион байгуулалтыг хийж байгааг дуулгасан. 

Үүний зэрэгцээ төрийн албан хаагчаар ажилд орсон хэн бүхэн иргэнтэй тулж ажилладаг уг төвд тодорхой цаг ажилласан байх шаардлагыг тавина. Түүний дараа дараагийн албан тушаалд дэвшин ажилладаг байх тогтолцоог барьж байгаа гэдгээ ЗГХЭГ-ын дарга хэллээ.

Хурлын төгсгөлд ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын талаар нар орон нутгийн удирдлагуудад танилцуулав.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

 

 

Связанные новости