Эмнэлгүүдэд хүүхдийн ор нэмэх үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-11 18:14:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудтай өнөөдөр уулзах үеэрээ томуу, томуу төст өвчний хүрээнд төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хүүхдийн ор нэмэх нөхцөл бололцоог судалж, хамтран ажиллах үүрэг өглөө.

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар, амбулаторийн үзлэг 7.3 хувьд хүрч, 723 орыг нэмэж гаргажээ. Гэвч томуугийн А хүрээний дэд хэв шинжийн вирусын идэвхжил нэмэгдэж, өвчлөл хүндрэх байдалтай тул ачаалал цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс энэ асуудалд дорвитой анхаарч, хүүхдийн ор төдийгүй эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээнд хүргэх нь чухал болохыг Эрүүл мэндийн сайд эмнэлгийн удирдлагуудад сануулав.

Мөн тэрбээр Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барьж буй СХД-ийн 240 ортой жишиг нэгдсэн эмнэлэг, БЗД-ийн 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг энэ онд ашиглалтад оруулахаас гадна Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт шинэ эмнэлгийн барилгыг эхлүүлэхээр төлөвлөснөө онцлов. Түүнчлэн, “ДЭМБ-аас буцалтгүй тусламжаар өгсөн 550 хүн тун “Тамифлю” эмийг нийслэлийн эмнэлгүүдэд хуваарилсан ч хүрэлцээ муу хэвээр байна. Тиймээс дахин өгөхөөр болсон. Эмнэлгүүдийн хувьд нөхцөл байдалдаа тохируулан арга хэмжээ авч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар ирсэн иргэд, хүүхдийг буцаахгүйн үүднээс эмнэлгийн зай талбайг ашиглан нэмэлтээр ор дэлгэж, зохицуулалт хийж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд илүү цагаар ажиллаж, ачаалал ихтэй байгаа ч иргэд, үйлчлүүлэгчидтэй харилцах харьцаа хандлагаа сайжруулах нь чухал” хэмээв.

Связанные новости