Малчны хотонд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-14 17:29:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас өнөөдөр зайн оношилгооны иж бүрэн тоноглолтой явуулын эмнэлгийн тусламжийн 5 автомашиныг Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өглөө.

“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулах МОН-8 төслийн хүрээнд БНСУ-аас нийлүүлж буй эдгээр машин нь нийт нэг тэрбум 466 сая төгрөгийн өртөгтэй аж.

Автомашин нь зөөврийн компьютер, шээсний анализатор, дуран, цахилгаан чагнуур, цусан дахь сахар хэмжигч төхөөрөмж, оношилгооны дэлгэц бүхий иж бүрэн тоноглолтойгоороо давуу талтай юм.


Мөн интернетэд холбогдон аймгийн төв болон Улаанбаатар хотын нарийн мэргэжлийн төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд өвчтөний биеийн байдал, шинжилгээний үзүүлэлтүүдийг газар дээрээс нь шууд дамжуулах боломжтой.

Хөдөө орон нутаг, алслагдсан сум, суурин газарт амьдарч байгаа иргэд оршин суугаа газраасаа шууд нарийн мэргэжлийн эмчийн тусламж, зөвлөгөөг зайн оношилгоогоор авах боломж ийнхүү бүрдлээ.


Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв өмнө нь Оросын УАЗ маркийн пургон машинаар эмнэлгийн тусламж үзүүлдэг байсан бол одоо БНСУ-ын иж бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашинтай болсондоо талархаж байгаагаа хэллээ.

Тус төвийн захирал Э.Хүдэрчулуун, “Явуулын машинаар малчны хотонд, сумын эрүүл мэндийн төвд ч иргэдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээг хүргэх боломжтой болж байгаа нь хөдөө орон нутгийн иргэдэд томоохон хөрөнгө оруулалт болж байна” хэмээн тодотгов.

Связанные новости