Цагаан сараар томуу дахин дэгдэж болзошгүйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-15 14:53:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчлөл амбулаторийн үзлэгийн 9.3 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар бага байгаа ч бага насны хүүхэд уушгины хатгаагаар хүндрэх эрсдэлийг үүсгэж байна хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.

 

Энэ сарын 14-ний өдрийн байдлаар, эмнэлэгт 1497 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 1359 нь амьсгалын замын өвчтэй байна. Хүүхдийн орны ачаалал батлагдсан орон тооноос 53.2 хувиар хэтэрсэн тул зөөврийн болон насанд хүрэгчдийн 520 орыг нэмжээ.


ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл ярихдаа,  "Томуу, томуу төст өвчин энэ сарын 3-наас дэгдэж, нийслэл болон 11 аймгийн хэмжээнд тархаад байна. Эмнэлгийн орны ачаалал нийслэлд их байгаа. Тиймээс ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэгт нэмж тасаг гаргана. ЭМЯ-наас эмнэлгүүдэд тулгарч буй асуудлуудыг цаг тухай бүрт нь шийдэхэд анхаарч, ДЭМБ болон бусад олон улсын байгууллага дэмжлэг үзүүлж байна. Гэсэн ч цагаан сарын үеэр улсын хэмжээнд томуугийн дэгдэлт гарах эрсдэл үүсч болзошгүйг анхааруулж байна. Цагаан сараар бага насны хүүхдээ айл хэсүүлэхгүй байх, мэхийж мэндчилэх арга хэрэглэхийг уриалж байна. Ингэснээр агаар дуслаар дамжих томуу, томуу төст өвчин дамжин халдварлах эрсдэл багасна” гэв.

ЭМЯ-нд томуу, томуу төст өвчний үед ажиллах шуурхай багийг томилон ажиллуулж байгаа аж. Мөн нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд илүү цагаар ажиллаж, 24 цагийн турш утсаар зөвлөгөө өгч байна. 

Связанные новости