НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-01-16 10:37:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг томилолтын хугацаа нь дууссантай холбогдуулан энэ сарын 15-нд хүлээн авч уулзлаа.

Наоми Китахара нь НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчөөр 6 жил ажиллахдаа Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Тухайлбал, тус сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь Монгол Улсын хүн амын хөгжил, эмэгтэйчүүд охид, залуусын эрхийг хамгаалах, эрүүл мэндийг сайжруулах, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлд бодит дэмжлэг болж ирснийг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглэв.

Хатагтай Наоми Китахара Монгол Улсад ажиллахдаа төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, Монгол Улсын нийгэм, хүн амын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Связанные новости