Захиргааны байгууллагуудын 2018 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газрын
Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсээс эрхлэх асуудлын хүрээний 21
агентлаг болон аймгийн 15 сумын Засаг дарга, түүний Тамгын газрын 2018 оны үйл
ажиллагааны үр дүнд үнэлгээ хийжээ. Үнэлгээний нэгдсэн
дүн 15 сумын дундаж 83.6 хувь, агентлагуудынх 88.53 хувьтай
байгаа ажээ.
Засгийн газрын 2017 оны 89 дүгээр
тогтоол, Аймгийн Засаг даргын 2017 оны А/452 тоот захирамжаар батлагдсан журмын
дагуу захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ хийхдээ "Бодлогын
баримт бичгийн хэрэгжилт", "Байгууллагын чиг үүргийн үзүүлэлт",
"Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ" гэсэн үндсэн гурван бүлгийн
хүрээнд зохион байгуулсан байна.
15 сумаас Сайнцагаан, Адаацаг,
Дэрэн, Говь-Угтаал, Луус сум 84.4-88.8 хувьтай үнэлэгдэж тэргүүлсэн бол агентлагуудаас Улсын бүртгэлийн хэлтэс, Байгаль
орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
тус тус тэргүүлж, эхний байруудад жагссан байна.
Мөн үйл ажиллагааны үр дүнгээр Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Шүүхийн шинжилгээний алба, Цагдаагийн газар, Статистикийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 90 хувиас дээш дүн авч "Санаачилгатай сайн" гэсэн үнэлгээ авчээ.
Дөрвөн чиглэлд гарсан ажлын хэсэг сум
агентлагуудын үйл ажиллагаанд байгаа
зөрчил, дутагдлыг арилгаж, цаашид анхаарах, ажил сайжруулах чиглэлээр
давхардсан тоогоор сумдад 316, агентлагуудад 190 зөвлөмжийг өгч, үүрэгжүүлжээ.