Хэнтий аймагт боксын холбоо байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт боксын спортыг сурталчлах, тив дэлхийд өрсөлдөх
тамирчдыг төрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой “Хан Хэнтийн Бүргэдүүд”
боксын холбоо байгуулагдаж нээлтийг хийлээ.
Тус холбооны Тэргүүнээр “МMCG” ХХК-ийн захирал Д.Амгаланбаатар, нарийн бичгийн даргаар АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Гантулга, тэргүүлэгчдээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, “Монгол өмгөөлөгч” хууль зүйн товчооны захирал З.Сүхбаатар, Цагдаагийн бэлтгэл хурандаа Б.Энхтөр, Бригадын генерал А.Дулаанжаргал, “НАНО интернэшнл” ХХК-ийн захирал Н.Батбаатар, “Хэнтий Ус” ХХК-ийн захирал Г.Батгэрэл, Дадал сумын уугуул Ц.Баярцэнгэл нар томилогдоод байна.
Аймгийн Засаг дарга Н.Ганбямба анх удаа аймгийн өсвөр үеийн шигшээ
багийн төрөлд 2018 оноос эхлэн боксын спортын төрлийг оруулж, дэмжлэг үзүүлэн
ажиллаж байгаа юм.
Тус аймаг дахь боксын өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчаар Хэнтий нутгийн уугуул Боксын спортын олон Улсын хэмжээний мастер Дамба-Дондогийн Ганбаатар ажиллаж байгаа бөгөөд эрэгтэй 13, эмэгтэй найм нийт 21 хүүхэд 8-16 насны ангилалд хичээллэж байна.
Аймгийн өсвөр үеийн тамирчдыг боксын спортоор хичээллэхэд нэн шаардлагатай
боксын ринг, бээлий, мешок зэрэг 20 гаруй сая төгрөгийн хэрэгслээр “Хан Хэнтийн
Бүргэдүүд” боксын холбооноос ханган ажиллаж байна.