Томуу, томуу төст өвчний тархалт буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт томуу, томуу төст өвчний тархалт есөн хувиар буурчээ.
Он гарсаар аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэсч аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдээ хааж, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахыг хориглоод байгаа билээ.
Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах, иргэдийн мэдлэг мэдээллийг сайжруулахад зориулж аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу орон нутгийн төсвөөс 200 орчим сая төгрөгийг нэн даруй шийдэж шаардлагатай асуудалд зарцуулж байна. Нэгдүгээр сарын 21-ний байдлаар амбулаториор үзүүлсэн иргэдийн 23 хувьд нь томуу, томуу төст өвчин илэрсэн гэсэн мэдээлэлтэй байсан юм. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд авто машины засвар, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, дуслын памф, хяналтын монитор зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлэхийн зэрэгцээ эм тариа, ариутгал, халдваргүйтгэлийн уусмалаар хангах ажлыг эрчимжүүлжээ. Мөн эмч эмнэлгийн ажилчдын илүү цагаар ажиллах цалинг шийдвэрлэсэн юм. Үүний үр дүнд нэгдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар томуу томуу төст өвчний тархалт 9 хувиар буурч 14 хувьд хүрчээ.
Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга нь амны хаалт бөгөөд ингэснээр томуу, томуу төст өвчнөөс 80 хувь хамгаалж чаддаг байна.