Аймгийн аварга малчдын хотноор...
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сум сар шинийн босгон дээр шинээр дөрвөн аймгийн аварга малчин, нэг аймгийн аварга тэмээчинтэй боллоо.
Буянт мал сүргээ таван төрлөөр нь өсгөж, ашиг шимийг нь хүртэж, мал аж аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж, бусдыг малжуулж дөрвөн цагийн эргэлтэд чөлөө завгүй ажиллаж буй хөдөлмөрийг нь үнэлж тэднийг шалгаруулжээ.
Аймгийн аварга тэмээчин Ө.Оюунчулуун
Ноднин хавар хатуухан байж зуншлага оройтож эхэлсэн ч хур бороо сайн орсноор Мандах нутгаар идэш сайтай, мал сүрэг тарган, малчид сэтгэл тэнэгэр сайхан өвөл болж байна.
“Жаахан цас орчихвол мал улдахгүй, харын зун болохгүй сайхан байхсан” хэмээн ярих аймгийн аварга тэмээчний шагналаа гардсан малчин Ө.Оюунчулуун 1991 оноос хойш мал маллаж буй. Тэрээр өнгөрсөн оны эцэст 180 тэмээ тоолуулжээ.
Багаасаа тэмээтэй ойр байж тэмээ маллах арга ухааныг өвөг дээдсээсээ өвлөсөн аж. Ноднин 43 төл авсан бол энэ жил 50 гаруй төл хүлээн авна. Ноднин сумын сайн малчин болж байсан бол амжилтаа ахиулж аймгийн аварга тэмээчин болсон нь энэ.
“Тэмээ зудад тэсвэртэй, ашиг шим сайтай буянтай мал. Бэлчээрийн сайныг дагуулан хариулж чадвал үр ашгаа магад өгнө.Тэмээ маллахаас гадна хурууд цагаан идээ боловсруулж аймгийн үзэсгэлэн худалдаанд оролцож тэргүүн байрын шагнал авч байлаа.
Ноосоор гэрийн бүслүүр, дээс, өрхний оосор томдог. Наймдугаар ангийн хүүхэдтэйгээ хамт маллаж байгаа тэрээр сүүлийн үед малчид тэмээг уналга эдэлгээнд ашиглахаа болсон нь уламжлалт мал маллах арга ухаанаа гээх, нүүдлийн соёлоо үгүй хийх нөхцөл бүрдэж байна” хэмээн ярив.Тэднийх тэмээн тоо толгойгоор сумынхаа улсын аварга малчин Баясгалангийн дараа хоёрт ордог байна.
Аймгийн аварга малчин П.Баярхүү
Залуу малчин П.Баярхүү арваад жил мал маллаад аймгийн аварга малчин боллоо.Соёл иргэншилтэйгээ хамт алхах нөхцлийг өөрсдөө бүрдүүлж интернет, олон сувгийн телевиз үзэж, ухаалаг гар утас гээд орчин үеийн техник технологийг амьдралдаа нэвтрүүлж буй нэгэн айлын жишээ Баярхүүгийнх. Амьдрах орчноо тохижуулж хуучин байшингаа яг л орон сууцны айл шиг тохижуулж засварласан нь ажилтай, авхаалжтайг илтгэнэ.
Тэрээр 2013 онд мянгат малчин, 2016 онд сумын сайн малчны алдрыг хүртжээ. Одоогоор 1800 хонь 1200 ямаа, нийт 3000 гаруй малтай тэднийх хавар 900 гаруй төл авах аж. Даравгай гэдэг газар ах дүү нартайгаа хамт маллаж байгаа тэрээр таван хошуу малтай.
“Туслах малчин авч ажилуулах гэтэл ч ганц нэг сар болоод явчихдаг. Залуу малчид ховордож байна. Бэлчээр сайн хэдий ч усны асуудал хүндхэн гэж ярих П.Баярхүү хавартаа ямаанаасаа 600 гаруй кг ноолуур авчихдаг.
Б.Алтанбаяр: Аавынхаа цуглуулсан буяныг үргэлжлүүлж явна
Аймгийн алдарт уяач, аймгийн аварга малчин Б.Алтанбаяр
Аварга малчин Б.Алтанбаярынх сумын төвөөс 20 гаруй км-т Бурхант гэдэг газар тавтай сайхан өвөлжиж хавартай золгож байна. Эхнэр таван хүүхэдтэй тэрээр 1987 онд наймдугаар анги төгсөөд нэгдлийн мал маллаж эхэлжээ.
Адуу 300 гаруй, хонь ямаа нийлсэн 900 гаруй бог малтай, цаг сайхан байвал 500 гаруй төл хүлээн авна. Мал дагавал ам тосдоно гэдэг. Өндөр настай ээж минь баярлаж байгаа хэмээн ярих тэрээр аймгийн аварга малчнаас гадна 1987 оноос эхэлж хурдан морь уралдуулж аймгийн алдарт уяачийн болзол хангасан.
Сум аймаг, бүсийн наадамд олон айраг түрүү авч байжээ.Тэрээр хүнд зарсан, хүнээс худалдаж авсан адууныхаа удам угшил, зүс галбир, нас зэргийг ургийн бичиг шиг бичиж үлдээдэг онцлогтой.
Сүүлийн жилүүдэд том уяачдын морь уях арга барил, адуутай харьцаж буй байдлыг ажиглаж байхад зүчээнд байгаа адуу хурдан давхиж амжилт гаргах нөхцөл бүрдлээ.
Жилийн дөрвөн улиралд адуун сүрэгт нь тааваар нь байлгаж наадам болохоор уяж сойдог уламжлалт бидний арга барил хоцрогдож байна гэв.
Түүний аав Баатар гуай нутгийн нэрт уяач Самдан гэх хүний буй болгосон Самдан угшлын адууны цагаан азарганы төл зээрд үрээг худалдан авч 1986 онд азарга тавьж адуугаа өсгөж байжээ.
Мөн нутгийн нэрт угшил Гүр адууны төл ч тэднийд буй аж. Тэрээр аавынхаа буй болгосон буяныг өсгөн үржүүлж байна.
Аймгийн аварга малчин М.Базаргарьд
Баянхошуу багийн малчин М.Базаргарьд 1000 гаруй толгой малтай, хүргэнийхтэйгээ өвөлжиж буй. Энэ хавар 400 гаруй төл хүлээн авах аж.
Түүний эхнэр сумын аварга саальчин болжээ. Сааль сүүгээ сум, аймгийн төв болон зэргэлдээх суманд аваачиж борлуулдаг аж. 2010 оноос эхэлж аймаг сумаас зохиож байгаа үзэсгэлэн худалдаанд оролцож сааль сүүгээ борлуулдаг.
Аймгийн аварга малчин Х. Олдохбаяр
Аварга малчин Халзан-Ухнын Олдохбаяр 2003 онд айл гэр болсноос хойш мал сүргээ өсгөн үржүүлж 2013 онд мянгат болжээ. Бог мал голдуу 1170 орчим малтай тэднийх малын хорогдолгүй урин хавартай золгож буй. Нэг туслах малчинтай.