Сийлбэрээ нэг бүрчлэн гараар хийдэг уран бүтээлч

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-02-14 15:18:03

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь ШШГГ-419 дүгээр нээлттэй хорих ангийн ажилтан Б.Санчир-Эрдэнэ чөлөөт цагаараа захиалгаар сийлбэр хийдэг ажээ. Түүний хувьд дамжлагаар биш зөвхөн өөрөө бүхнийг гараараа урладгаараа онцлогтой. 


Түүний өвөө гарын ур дүйтэй хүн байсан учир ухаан орох цагаас нь эхлэн хажуудаа байлгаж ур дарх зааж өгсөн ачтан аж. Тэрбээр Улаанбаатар хотод найзуудтайгаа хамтран сийлбэрийн цех ажиллуулж, сүм хийдэд гүнгэрваа, бурхны тавиур, сийлбэртэй гэр зэргийг урлаж байжээ. Одоо энэ эрдмээ шавь нартаа зааж, ял эдэлж буй хоригдлуудаас гарын ур дүйтэй есөн хүнийг сонгон сургаж байна. Энэ хүмүүст сурсан зүйл нь цаашдаа их хэрэг болно гэж үздэг байна.


Санчир сийлбэрээ ажлын хажуугаар хийдэг учир шөнийн 01-02 цаг хүртэл суух нь олонтаа. Ингэж суухдаа л өөрийгөө хөгжүүлж, сийлбэр хийж байх явцдаа болсон бүх зүйлсээ бодож, зарим орхигдуулсан зүйлсээ санах тохиолдол ч байдаг аж. Нэг ёсондоо энэ үед тархиа амраадаг гэж хэлж болно.


Хийсэн бүтээл нь захиалагчдаа таалагдвал ихэд баярлаж, Хэрлэн нэгдүгээр сургуулийн технологийн багш н.Цогбадрах багшийнхаа ач тусыг үргэлж санана. Цогбадрах багш нь анх сийлбэрийн хутга барихаас эхлээд нарийн ур ухааныг заажээ. Тэрбээр Халх голд цэргийн алба хааж байхдаа хоёр цэрэгтэй хамтраад ангийн дотоод орлого бүрдүүлэх зорилгоор Ялалтын хөшөө, Эвтэй дөрвөн амьтан, идээний цар, таваг зэрэг зүйлсийг хийж, 2011 оны намар цэргээс халагдахдаа ангидаа нийт 13 сая төгрөгийн орлого оруулсан байв.

Түүнчлэн Дадал сумын цэргийн ...-р ангид гэрээт цэргээр алба хаахдаа ч бэлэг дурсгалын олон зүйлс урлажээ. Дараа нь Улаанбаатар хотод очоод Дундговь аймгийн харьяат, олон жил сийлбэр хийсэн Тогтохжаргал гэдэг хүнийг дагалдан ажиллаж сийлбэрийн ур ухаанаас нь их зүйл сурч авчээ. Одоо цагт сийлбэр хийхдээ машин тоног төхөөрөмжөөр хийж ажлаа хөнгөвчлөх нь бий болсон. Харин Санчирын хувьд үндэсний хэв маягийг шингээж, нэг бүрчлэн гараар хийдэг гэдгээрээ бусдаас ялгардаг байна. 

Связанные новости