Өмнөговийнхон Лос Анжелест туршлага судалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ АНУ-ын Лос Анжелест хотод болж байгаа "Гамшгийн үеийн бүс нутгийн удирдлагын хамтын ажиллагаа" сэдэвт сургалт Өмнөговийнхон оролцож байна.
Дэлхийн 11 орны төлөөлөл оролцож байгаа уг сургалтад тус аймгаас Онцгой байдал, цэрэг хүчний байгууллагынхан оролцож байгаа ажээ.
Өнгөрсөн 7 хоногийн сүүлээс эхэлсэн тус сургалт долоо хоног үргэлжлэх аж.
Уг сургалтаар аливаа гамшиг тохиолдсон үед хариу арга хэмжээ, учирсан хохирлыг арилгах, нөхөн сэргээх зэрэгт туршлага судлах дадлага сургууль хийх зорилготой юм байна.
Сүүлийн өдрүүдэд Өмнөговь аймгийн удирдлагууд эзгүй байна гэсэн шүүмжлэл цахим ертөнцөөр дуулиан тарьсан. Харин тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлэхдээ "Миний ажлыг Засаг даргын орлогч С.Мөнхбаяр хариуцаж үлдсэн байгаа. Мөн энд яваа албаны хүмүүсийн ажлыг орлогч нар нь хариуцаж үлдсэн. төрийн ажлыг цалгардуулсан явдал үгүй" гэлээ. Мөн "Албан хэрэг хөтлөлтийн E-office программ орон зай, цаг хугацаанаас үл хамааран төрийн ажлыг тасралтгүй, шуурхай явуулах хүчирхэг систем юм. Бичиг тоот, өргөдөл гомдол, захирамж шийдвэр цаг алдалгүй гарч байна. Аймаг, сумдын ЗДТГ, агентлагууд бүгд холбогдсон. Эзгүй байгаа албан тушаалтныг хүлээж цаг алддаг явдал бүрэн халагдсан" гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Дашрамд дуулгахад 2017 онд Өмнөговь аймагт “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулилт болж өнгөрсөн юм.