Шар усны үерээс сэрэмжлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-04 22:05:29

Ховд /МОНЦАМЭ/ Сүүлийн үед цаг агаар дулаарч, нуур, гол мөрний мөс эрчимтэй хайлж, шар усны үер бууж болзошгүй байна. 

Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр гуравдугаар сарын 4-11-нийг хүртэлх хугацаанд их нууруудын хотгороор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байх төлөвтэй байна.

Мөн одоогийн байдлаар Ховд голын мөсний зузаан 61 см, Буянт голынх 165 см, Булган голынх 85 см, Дунд цэнхэр голын мөсний зузаан 68 см, Долоон нуур голынх 80 см, Чоно‑Харайхын голынх 114 см, Төгрөг голын мөсний зузаан 62 см тус тус байна. Цаашид цаг агаар дулаарч, голуудын мөс болон өндөр уулсын гуу жалга, суваг шуудууны цас хайлж, хаврын шар усны үер бууж болзошгүй байгаа талаар аймгийн УЦУОШТ-өөс мэдээлж, малчид, тээвэрчид, ард иргэдэд сэрэмжтэй байхыг анхааруулав.

 

Связанные новости