ХОВД: Гүйлтийн тэмцээнд 600 гаруй хүүхэд оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр "Багачуудын хөгжилтэй гүйлт-2025" хүүхдийн гүйлтийн тэмцээн боллоо.
Тэмцээн хүүхдийн, пара гэсэн хоёр төрлөөр эрэгтэй, эмэгтэй таван насны ангиллын дагуу өрнөхөд Ховд аймгийн Жаргалант, Манхан, Чандмань сум болон Увс аймгийн Өмнөговь сумаас 6-15 насны 600 гаруй хүүхэд оролцжээ. Үүнээс 60 орчим нь хөгжлийн ялгаатай хүүхэд байв. Тэд Ховд аймгийн төв талбайгаас спортын ордон чиглэлд 400-1200 орчим метр зайд уралдаж, шилдгүүдээ тодруулсан юм.
Уг тэмцээн нь гүйлтийн спортыг хөгжүүлэх, хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрыг хамгаалах, улмаар хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн хөгжлийн ялгаатай хүүхдэд урам зориг өгөх, тэдний нийгмийн хүрээллийг тэлэхэд чиглэснээрээ онцлогтой.
Тэмцээнийг "Ахиллис хүүхэд" олон улсын хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн ивээл дор анх удаа зохион байгуулсан ба Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, ЗДТГ, бусад мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллажээ.